Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Британийн засгийн газар “Brexit” дурсгалын зоосыг дахин үйлдвэрлэнэ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Их Британи улс энэ сарын 31-нд Европын Холбооноос албан ёсоор гарах гэж байна. Энэ түүхэн үйл явдлыг тохиолдуулан Баасан гарагт гурван сая ширхэг “Brexit” зоосыг үйлдвэрлэн гаргахаар болжээ.

Долоон талтай 50 пэнсийн зоосны нэг талд нэгдүгээр сарын 31-ний огноог “Энх тайван, хөгжил цэцэглэлт, бүх улс үндэстэнтэй найрамдах” гэсэн уриа үгтэй хамт сийлсэн байна.

Уг нь Европын Холбооноос гарах албан ёсны хугацаа өнгөрсөн оны гуравдугаар сарын 29 байсан юм. Тухайн үед Британийн сангийн сайд Филип Хаммонд дурсгалын зоос үйлдвэрлэх төлөвлөгөө танилцуулж байсан ч Европын Холбооноос гарах хугацаа хойшилсон тул зоос үйлдвэрлэхийг ч хойшлуулсан байна. Түүний залгамжлагч Сажид Жавид аравдугаар сарын 31-ний сар өдөртэй нэг сая орчим зоос үйлдвэрлээд байсан ч Brexit дахин хойшилсон тул буцаан хайлуулж байжээ.

Энэ оны сүүлээр дахин долоон сая зоосыг нэмж гүйлгээнд гаргахаар болсон байна. Британи улс үндэсний хэмжээний ололт амжилтыг 50 пэнсийн зоосонд мөнхөлдөг уламжлалтай. Тухайлбал 2012 оны Лондоны Зуны Олимпийн наадамд зориулсан зоосыг гаргаж байв.

Британи улс нэгдүгээр сарын 31-ний шөнө дундаас хойш Европын Холбооны гишүүн байхаа албан ёсоор болих юм. Гэхдээ энэ үеэс эхлэн шилжилтийн үйл явц эхлэх бөгөөд 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө Лондон, Брюсселийн эрх баригчид хоорондын харилцааг зохицуулах гэрээ хэлцэл байгуулах ёстой ажээ.

 

Эх сурвалж: Bloomberg