Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Европ тивд коронавирусийн анхны халдвар бүртгэгдлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Франц улсын засгийн газар өчигдөр тус улсад Хятадын Ухань хотоос гаралтай шинэ төрлийн коронавирусийн халдварын хоёр тохиолдлыг бүртгэснээ зарлажээ.

Эдгээр нь Европ тивд илэрсэн анхны тохиолдол бөгөөд цаашдаа ч нэмж илрэх магадлалтай байгааг Францын эрүүл мэндийн сайд Агнес Бузин мэдэгдсэн байна.

Францын баруун өмнөд бүсийн Бордо хотод тусгаарлагдан эмчлүүлж байгаа 48 настай эрэгтэй хэд хоногийн өмнө Хятадад аялаад буцаж ирсэн ажээ. Тэрээр аялалынхаа үеэр Ухань хотоор дамжин өнгөрч байсан гэнэ.

Хоёр дахь өвчтөн нь Парис хотод илрээд удаагүй бөгөөд түүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваагүй байгаагаа Бузин мэдээлсэн байна.

Баасан гарагийн орой Хятадын албаныхны өгсөн мэдээллээр шинэ коронавирусийн халдвартай хүмүүсийн тоо 1,112 болж, амиа алдсан хүний тоо 41 болж нэмэгджээ.

Халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь буюу 572 нь Хубэй мужийн төв Ухань хотод байна.

Амиа алдагсдын 39 нь Хубэй мужид харьяалагдаж байгаа бол үлдсэн хоёр нь Хэбэй, Хэйлунзянь мужуудад байгаа юм.

Хятадын 31 мужийн хоёроос бусдад нь коронавирусийн халдвар бүртгэгдээд байна. Зөвхөн Циньхай (Хөх нуур), Төвдийн Өөртөө Засах мужид одоогоор илрээгүй байгаа юм.

Эх газрын Хятадаас гадна Хонг Конг, Макао, Тайвань болон гадаадын найман улсад шинэ төрлийн вирусийн халдвар бүртгэгджээ.

 

Эх сурвалж: Reuters, South China Morning Post

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.