Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн хяналтыг “аргалсан” эмэгтэйг Франц дахь Хятадын элчин мөрдөж олоод шалгуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Шинэ төрлийн коронавирусийн голомт болсон Хятадын Ухань хотоос Франц улсад аялж ирсэн эмэгтэй халуурч байсан ч хилийн хяналт шалгалтыг амжилттай давсан тухай сошиал хуудсандаа бахархан бичсэн байна.

Тэрээр нисэх онгоцоор зорчиж байхдаа халуун дарах эм уусны хүчинд Францын хил дээрх эрүүл мэндийн хяналтаар саадгүй нэвтэрсэн гэж бичээд Лион хотод Мишлений одтой тансаг ангиллын ресторанд зооглож буй хоолныхоо зургийг нийтэлжээ.

 

Эмэгтэйн бичлэг тэр дороо Хятадын сошиал орчинд тарж, хүмүүсийн шүүмжлэлийн бай болсон байна. Сошиал хэрэглэгчдийн зарим нь Франц дахь Хятадын элчин сайдын яаманд эмэгтэйн талаар мэдээлжээ.

Үүний үр дүнд элчин сайдын яам шуурхай арга хэмжээ авч, эмэгтэйн байгаа газрыг олж илрүүлээд эрүүл мэндийн үзлэгт хамруулсан байна.

Өчигдөр Парис дахь Хятадын элчингээс эмэгтэйн бие сайжирсан, коронавирусийн халдвар илрээгүй тухай мэдээлжээ.

Анагаах ухаанд 2019-nCoV гэж нэрлэж байгаа шинэ төрлийн коронавирус өнгөрсөн сарын сүүлээр Хятадын Ухань хотоос анх илэрсэн юм. Өнөөдрийн байдлаар уг вирусийн халдвар авсан хүний тоо 647 хүрч, 25 хүн амиа алдаад байна.

 

Эх сурвалж: BBC

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.