Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Цогтбаатар: Ц.Цэнгэлийг Элчин сайдаар томилоход англи хэлтэй байх эсэх нь миний хувьд чухал биш

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Короновирусийн улмаас хил хаах нь зөв гэдэг асуудалд нийгэмд тараад буй. 

Энэ талаар Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатараас тодрууллаа. 

-Короновирусийн улмаас хил хаах тухай асуудал яригдаж байгаа юу. Тийм боломж бий юу? 

-Хил хаана гэдэг нь улс орнууд хамтарч урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч буй явдал юм. Гол нь улс орнууд энэ асуудалд юу ч нуухгүй байх хэрэгтэй. Мэдээлэл ил байх ёстой. 

Хил хаана гэдэг нь эдийн засаг, нийгэмд маш их хохиролтой. Тиймээс бид үүнийг тооцож үзэж ёстой.

Өнөөдөр манай яам Эрүүл мэндийн яамтай хамтарч ажиллаад хил гааль дээр тодорхой арга хэмжээ аваад эхэлчихсэн байгаа.

Хүний биеийн халууныг зайнаас мэдрэгчээр мэдрээд, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа. 

Мөн гадаадад байгаа иргэддээ Элчин сайдын яам, консулын газраа дамжуулан сэрэмжлүүлэг хүргүүлж байгаа.

-Засгийн газрын хуралдаанаар 11 Элчин сайдыг томилох асуудал хэлэлцэгдсэн. Энэ дунд Болгар улсад Элчин сайдаар томилогдохоор нэр дэвшсэн Ц.Цэнгэлийн гадаад хэлний мэдлэг шүүмжлэл дагуулаад байгаа. Мөн гэмт хэрэгт холбогдон шалгуулж байгаа мэдээлэл ч байна. Элчин сайд нарыг томилохдоо хэлний мэдлэгт нь хэрхэн анхаардаг вэ?

-Гэмт хэрэгт холбогдсон гэдэг талаар надад мэдээлэл байхгүй байна. Бид томилохдоо АТГ-аас лавлагаа авдаг. Элчин сайд гэдэг бол дипломат төлөөлөгчийн газрыг удирдах хүн. Олон тохиолдолд төрд өндөр алба хашиж байсан хүмүүсийг Элчин сайдаар томилж байсан. Өөр орнуудад ч мөн ийм л байдаг. 

Болгарын хувьд тухайн орны хэлтэй хүн байвал сайн байна. Гэтэл Элчин сайдын түвшний Болгар хэлтэй хүн манайд алга. Ц.Цэнгэлийн хувьд ОХУ-д сургууль төгссөн, орос хэлтэй. 

Болгарт өмнө нь томилогдож байсан Элчин сайдууд бүгд англи хэлтэй байсан эсэхийг судлаад үзээрэй. Зүүн Европын орнуудад төрийн бодлогыг хэрэгжүүлэх мэдлэг, чадвартай хүнээ томилоод явуулж байсан олон тохиолдол бий. 

Харин ч өндөр албан тушаалын хүнийг томилно гэдэг нь тухайн оронд үзүүлж буй хүндэтгэл шүү дээ. 

Ц.Цэнгэлийг Болгарт Элчин сайдаар томилоход англи хэлтэй юу үгүй гэдэг нь миний хувьд чухал биш. Харин энэ хүн УИХ, Засгийн газрын гишүүн байсан. 

Энэ үүднээсээ гадаадад Монгол Улсын төрийн бодлогыг хэрэгжүүлэх бүрэн боломжтой хүн юм.