Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Ирэх сарын 7-нд болох Улаанбаатар-Эдийн засгийн форумоор төрөөс хувийн хэвшилтэй хамтрах төслүүдээ танилцуулна"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
"Улаанбаатар-Эдийн засгийн форум 2020" хоёрдугаар сарын 07-нд Корпорейт конвеншн центрт зохион байгуулагдахаар болжээ.

Үүнтэй холбогдуулан форумыг зохион байгуулагчдын зүгээс өнөөдөр мэдээлэл хийлээ.

"Улаанбаатар-Эдийн засгийн форум"-ыг 2015 оноос хойш НЗДТГ, Улаанбаатар хотын худалдааны танхим, Улаанбаатар хотын хөгжлийн корпорац хамтран зохион байгуулж ирсэн билээ. 

Ингэхдээ Улаанбаатар хотод тулгарч буй олон асуудлыг тус форумаар ярилцаж, шийдэл, гарц, боломжийн талаар хэлэлцдэг онцлогтой. Энэ жилийн хувьд,

  • Улаанбаатар хотын эдийн засаг, хөрөнгө оруулалт
  • Улаанбаатар хотод хэрэгжих томоохон төсөл
  • Улаанбаатар хотын хөгжил
  • SMART CITY
  • Нэг хот нэг стандарт гэсэн үндсэн сэдвийн хүрээнд явагдах аж.

Үүнээс гадна форумын үеэр нийслэл хотод хэрэгжиж буй томоохон төслийг оролцогчдод танилцуулах бөгөөд хувийн хэвшилтэй хамтарч хийх төсөл хөтөлбөр, бизнес эрхлэгчдэд олгож буй боломжоо танилцуулна. Мөн хотын удирдлага, газар хэлтсийн дарга оролцогчидтой уулзаж, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцоно гэдгийг гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцоллоо.

"Холбогдох агентлаг газрууд хоёрдугаар сарын 7-ныг хүртэл форумтай холбоотой мэдээллийг хүргэсээр байх болно"
 
Гэрэл зургийг MPA.mn

НЗДТГ-ын дарга Р.Батрагчаа: Форумыг зохион байгуулахаар ажлын хэсэг ажиллаж байна. Мөн саяхан төр, хувийн хэвшлийн түншлэлийг баталсан. Саяхан төр, хувийн хэвшлийн түншлэлийн дэд хөтөлбөрийг баталсан тул энэ удаагийн форумаар чухалчлахаар төлөвлөсөн. Манай холбогдох агентлаг газрууд хоёрдугаар сарын 07-ныг хүртэл форумтай холбоотой мэдээллийг хүргэсээр байх болно.

"Тулгамдсан маш олон асуудал байгаа тул энэ бүгдийг форумаар дамжуулан ярилцах хэрэгтэй"
 
Гэрэл зургийг MPA.mn

Улаанбаатар худалдааны танхимын ерөнхийлѳгч Ч.Ганхуяг: Улаанбаатар худалдааны танхим 2015 оноос хойш үйл ажиллагаа явуулж ирсэн. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдэд тулгамдаж байгаа асуудлыг зохицуулах, хөрөнгө оруулагчдыг татах чиглэлээр ажиллаж байна. Үр дүн гарч байгаа боловч цаашид илүү нягт ажиллаж, Улаанбаатарчууд өөрсдөө бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулах нь илүү чухал. Форум зохион байгуулаад ямар нэмэртэй юм гэдэг, бид хоорондоо ярьж, хэлэлцэж, шүүмжилж байж ажил цааш явагдана. Өнөөдөр тулгамдсан маш олон асуудал байгаа тул энэ бүгдийг форумаар дамжуулан ярилцах хэрэгтэй.

"Ирэх долоо хоногоос бүх төрлийн бүртгэлийн системүүдээ ашиглалтад оруулж эхэлнэ"
 
Гэрэл зургийг MPA.mn

Улаанбаатар хотын хөгжлийн корпорацын гүйцэтгэх захирал Ж.Билэгсайхан: Форум хотын эдийн засаг, хөрөнгө оруулалт болон ухаалаг хот гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Улаанбаатар хотын хөгжлийн корпорац дээр бүртгэл явагдаж байгаа. Ирэх долоо хоногоос бүх төрлийн бүртгэлийн системүүдээ ашиглалтад оруулж эхэлнэ. Мандатын үнийг бүртгэл эхлэхэд эцэслэж гаргах бөгөөд нийт 1,000 оролцогчтой байхаар төлөвлөсөн. Улаанбаатар хотын худалдааны тахим гардан зохион байгуулж байгаа бөгөөд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид оролцох саналаа ирүүлж байна.