Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэмтэд эртний Египетийн мумигийн дуу хоолойг сэргээн сонсгожээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Эрдэмтэд эртний Египетийн мумигийн дуу хоолойг сэргээн сонсгожээ
Sara, ikon.mn - text to speech

Их Британийн хэсэг судлаачид 3,000 орчим жилийн өмнө занданшуулсан шарилын эзний дуу хоолойг анх удаа сэргээн босгосон байна.

Эртний Египетийн муми нь нийтийн тооллын өмнөх 11 дүгээр зууны эхээр засаглаж байсан Рамзес XI хааны албат, санваартан Несямуных юм байна.

1824 онд анх илрүүлсэн муми одоо Британийн Лидс хотын музейд хадгалагддаг.

Несямуныг 50 гаруй насны хүн байсан гэж үздэг бөгөөд үхлийн шалтгаан нь анхаарал татдаг юм. Зарим эрдэмтэд түүнийг хоолойгоо боолгуулж үхсэн гэж үздэг бол зарим нь хортой шавьжинд хэлээ хазуулснаас үхсэн гэж таамагладаг. Муми хэлээ ил гаргасан байдалтай хадгалагдаж үлдсэн нь ийм дүгнэлт хийхэд хүргэсэн байна.

Тэгвэл судлаачид Несямуны амны хөндий, хоолойн хэсгийг 3D хэвлэгчээр хуулбарлан бүтээж, төвөнхийг цахилгаан хөдөлгүүрээр ажиллуулсны үр дүнд 3,000 жилийн өмнө нас барсан хүний дуу хоолойг анх удаа гаргаж авжээ.

Лондоны Их сургуулийн цахилгаан инженерчлэлийн сургуулийн профессор Дэвид Ховард уг төслийг удирдсан бөгөөд үр дүнгээ “Scientific Reports” сэтгүүлд нийтлүүлсэн байна.

Тэд эхлээд мумиг компьютер томографаар хэд хэдэн удаа “сканердаж”, олж авсан зургаа дижитал аргаар 3 хэмжээст биет болгож чаджээ.

Ингэж бүтээсэн загварынхаа хоолойгоор агаарын урсгал явуулж, төвөнхийг цахилгаанаар ажиллуулснаар Несямуны дуу хоолойг гаргаж чадсан байна.

Судлаачид энэ аргаа улам боловсронгуй болгож, түүхийн бусад цаг үед амьдарч байсан хүмүүсийн дуу хоолойг сэргээх зорилго тавьжээ. Мөн амьд хүний дуу хоолойг ийм аргаар бүтээж, жинхэнэ дуу хоолойтой нь харьцуулах замаар нарийвчлалыг нь сайжруулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Эх сурвалж: The Guardian