Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ханхүү Чарльз АНУ-ын дэд ерөнхийлөгчийг үл тоов уу?

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Израйльд болж буй Дэлхийн Холокостын Чуулганд оролцсон Их Британийн угсаа залгамжлагч ханхүү Чарльз өчигдөр АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнстэй гар барилгүй өнгөрч буй дүрс бичлэг сошиал сүлжээнд хүчтэй тарсан байна.

Чуулганд оролцогч хүндэт зочидтой ээлжлэн гар барьж, мэндчилж явахдаа тэр Майк Пэнсийн хажуугаар чимээгүй өнгөрч, Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай мэндэлсэн юм. 

Энэхүү бичлэг олны анхаарлын төвд орсны дараа Британи, АНУ-ын талууд яаран тайлбар хийжээ.

Букингэмийн ордны захиргаанаас гаргасан мэдэгдэлд ханхүү Чарльз дэд ерөнхийлөгчтэй хэдхэн минутын өмнө уулзаж, халуун дотно яриа өрнүүлээд байсан тул энэ удаа гар барилгүй өнгөрсөн юм гэсэн байна.

АНУ-ын дэд ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мөн ижил утгатай мэдэгдэл хийж, Майк Пэнсийг тоолгүй өнгөрсөн гэх яриаг няцаажээ.

Нацистуудын үхлийн лагерь Аушвицийг чөлөөлсний 75 жилийн ойд зориулсан уг арга хэмжээнд дэлхийн 45 орны удирдагчид оролцож байна. Тэдний дунд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, Германы ерөнхийлөгч Франк Уолтер Штайнмайер нар байгаа юм. 

Энэ чуулганд үг хэлэхдээ ханхүү Чарльз “Холокостын сургамж өнөөдөр ч ач холбогдолтой хэвээр байна” гэж мэдэгджээ.

Нацистууд жүүд хүмүүсийг хоморголон устгасан түүхэн үйл явдлын талаар маргаантай байр суурьтай байгаа Польшийн ерөнхийлөгчийг энэ чуулганд уриагүй юм.

Мөн үндсэрхэг үзэлтнүүд нь Холокостод нацистуудыг дэмжиж оролцсон гэгддэг Литва, Украины төрийн тэргүүнүүд Израйльд ирээгүй байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр хэлсэн үгэндээ Нацизмийг устгахад Зөвлөлт Холбоот Улсын гүйцэтгэсэн үүргийг онцолжээ.

Тэрээр 1945 оны нэгдүгээр сарын 27-нд Зөвлөлтийн Улаан арми Аушвицийг чөлөөлснийг дурдахын хажуугаар Украин, Литва, Латви зэрэг улсуудын үндсэрхэг үзэлтнүүд нацистуудаас дутахгүй жүүд иргэдийг харгислан хядсан тухай ярьсан байна.

“Харамсалтай нь дайны үеийн түүх, дурсамжийг өнөөдөр улс төрийн ашиг сонирхолдоо ашиглах явдал түгээмэл байна” гэж Путин хэлсэн нь Польш улсын эрх баригчид руу чиглэсэн үг байв.

 

Эх сурвалж: AFP