Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Америкчуудын амийг хөнөөвөл Ираны генералын залгамжлагчийг ижил хувь заяа хүлээж байгааг АНУ анхаарууллаа

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Генерал Эсмаил Гаани

Хэрвээ Америкчуудын амь насанд халдвал АНУ-ын дроны цохилтод өртөж амиа алдсан Ираны генерал Солейманигийн залгамжлагчийг ижил хувь заяа хүлээж байгааг Вашингтоны тусгай элч анхааруулжээ.

Ираны Хувьсгалт Гвардын Кудс элит хүчний командлагч агсан Солеймани энэ сарын эхээр алагдсаны дараа Тегераны эрх баригчид генерал Эсмайл Гаанийг залгамжлагчаар нь томилсон юм.

Тэрээр талийгаач генералын үйл хэргийг үргэлжлүүлэхээ амлаж байв.

“Хэрвээ Гаани өмнөх генералын үйл хэргийг үргэлжлүүлж, Америкчуудын амь насанд халдвал түүнийг ижил хувь заяа хүлээж байна” гэж Ираны асуудал хариуцсан Вашингтоны тусгай элч Брайан Хүүк араб хэл дээр хэвлэгддэг Ашарк Аль Авсат сонинд өчигдөр ярьсан байна.

Давост Дэлхийн Эдийн Засгийн Чуулганд оролцож байгаа тэрээр “Энэ бол сүрдүүлэг биш. Манай ерөнхийлөгч эртнээс Америкийн эрх ашгийг хамгаалахын тулд шийдвэртэй алхам хийхээ илэрхийлж байсан юм. Одоо Ираны дэглэм Америкийн эрх ашгийг хөндвөл юу болохыг ойлгосон байх” гэж нэмж хэлжээ.

Гаанийг алахаар сүрдүүлсэн нь АНУ-ын “төрийн терроризм юм” гээд ийм ил тод дайсагнасан мэдэгдэл хийсэнд харамсаж байгаагаа Ираны гадаад хэргийн яамны төлөөлөгч Аббас Мусави өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр илэрхийлсэн байна.

 

Эх сурвалж: Reuters