Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Гаалийн байгууллага 2019 онд түүхэнд анх удаа 3.1 их наяд төгрөгийн орлогыг улсын төсөвт орууллаа

ikon.mn
2020 оны 1 сарын 23
iKon.MN
 

Гаалийн байгууллагын удирдах ажилтнуудын зөвлөлдөх уулзалт өнөөдөр эхэллээ. Уулзалтад ГЕГ-ын удирдлагын баг, гаалийн газар, хороодын дарга нар нэг дор цуглаж, өнгөрсөн онд хийсэн ажлаа тунгаан ярилцаж, дараагийн жил нэн тэргүүнд хийх ажлаа тодорхойлдог. 

Монголын гаалийн байгууллага бусад орнуудын гаалийн байгууллагын адил ДГБ-ын багц стандартыг баримтлан дэвшилтэт техник, технологид суурилсан ухаалаг гаалийн хяналтыг зохион байгуулах, гаалийн хяналтын цогц шийдлүүдийг нэвтрүүлэхийг чухалчлан үзэж, ажиллаж байна. 

Гаалийн төв болон салбар лабораториуд, хилийн боомтуудын цогцолбор, Шуурхай хяналт, удирдлагын төвийн барилгын ажил зэрэг бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж, гаалийн шинэчлэлийг амжилттай эхлүүлсэн жил болов.  

 

Гаалийн байгууллага 2019 онд гадаад хамтын ажиллагааны хүрээнд өндөр ач холбогдолтой олон арга хэмжээг Монгол Улсад зохион байгууллаа. БНХАУ, БНСУ-тай "Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж”-ийн хөтөлбөрийг харилцан хүлээн зөвшөөрсөн, БНХАУ-тай хиллэдэг боомтуудын цогцолборын бүтээн байгуулалтыг өрнүүлж нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Мөн Монгол-Оросын гаалийн байгууллагуудын стратегийн хамтын ажиллагааны төлөвлөгөөг дахин 5 жилээр сунгаж, 2020-2024 оны төлөвлөгөөг байгуулсан.

2019 онд эхлүүлсэн бүтээн байгуулалт, шинэчлэлийн олон ажлыг цаашид амжилттай үргэлжлүүлэх зорилтийг гаалийн байгууллагын дарга онцлон тэмдэглэв. 

Уулзалтад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар оролцож үг хэллээ. Тэрбээр Гаалийн байгууллага өнгөрсөн онд улсын төсвийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, анх удаа 3.1 их наяд төгрөгийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлсэнд баяр хүргэж Засгийн газар, Сангийн яамны нэрийн өмнөөс талархал илэрхийлсэн юм.

Мөн гаалийн байгууллагын боомтуудыг шинэчлэх ажилд онцгойлон анхаарал хандуулж байгаагаа илэрхийлээд 2019 онд улсын төсвөөс 65.3 тэрбум төгрөгийг гаалийн шинэчлэлийн ажлыг хийхэд зориулсан. Харин 2020 онд 80 тэрбум төгрөг, нийт 145.3 тэрбум төгрөгийн санхүүжилийг улсын төсвөөс гаалийн шинэчлэлд зориулахаар тусгасан талаар мэдээлэл өглөө. Шинэчлэлийн ажлыг зохион байгуулах тал дээр гаалийн байгууллага сайн ажиллаж байгаа гэдгийг онцлон тэмдэглэлээ. 

 

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар