Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Тесла зах зээлийн үнэлгээгээр Тоёотагийн дараа дэлхийд хоёрт эрэмбэлэгдлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр АНУ-ын цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэгч Тесла компанийн зах зээлийн үнэлгээ $100 тэрбумыг давснаар Volkswagen-ийг гүйцэж, Тоёотагийн дараа дэлхийд хоёрт эрэмбэлэгджээ.

Өнгөрсөн оны аравдугаар сард Теслагийн улирлын үр дүн анх удаа ашигтай гарснаас хойш тус компанийн хувьцааны үнэ хоёр дахин гаруй нэмэгдээд байгаа. 

Өчигдрийн арилжааны үеэр Теслагийн хувьцааны үнэ 4 хувиар өссөн юм.

Японы Тоёота компанийн зах зээлийн үнэлгээ одоо $230 тэрбум байгаа бөгөөд үүнийг гүйцэхэд Теслад нэлээд хугацаа шаардлагатай.

Өнгөрсөн онд тус компани 367,500 автомашин үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлсэн нь 2018 оны үзүүлэлтээс 50 хувиар илүү болохыг Тесла саяхан мэдэгдсэн юм.

Шинэ оны өмнөхөн үйлдвэрлэлээ эхэлсэн Шанхай дахь үйлдвэр Теслагийн үнэ цэнийг улам өсгөнө гэж шинжээчид үзэж байна.

Хэдийгээр Теслагийн зах зээлийн үнэлгээ ингэж өссөн ч борлуулалтын хэмжээ нь бусад өрсөлдөгчитэй харьцуулахад өчүүхэн бага байгаа юм.

 

Эх сурвалж: BBC