Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

"116 дугаар сургуулийн багш нар цалин, нийгмийн даатгалаараа хохирч байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургуулийн цалин, санхүү, удирдлагатай холбоотой асуудлаар тус сургуулийн багш нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэд 116 дугаар сургуулийн нягтлан бодогчид хууль, хяналтынхан зохих арга хэмжээ авахыг хүссэн юм.

"Биднийг 20 гаруй сая төгрөгөөр хохироосон"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Энэ талаар 116 дугаар сургуулийн үйлдвэрчний хорооны дарга н.Халиун хэлэхдээ “Жилийн эцэст багш нар үр дүнгийн урамшуулал авдаг бөгөөд нэг хүнд 60 хувиар тооцож нэмэгдэл цалин олгогддог. Гэтэл 2018 оны цалингийн сангаа манай сургуулийн удирдлагууд дутаасан. Тийм учраас бидний үр дүнгийн урамшуулал болох нийт 20 гаруй сая төгрөгийг өгөлгүй хохироосон.

Үүнийгээ 2019 оны нэгдүгээр сард нөхөж олгоно гэж амласан ч одоо хүртэл нэг ч хүнд олгоогүй байна.

Түүнчлэн сурагчид зун амарсан ч багш нарын нийгмийн даатгалын дэвтрийг тасалдуулалгүй бөглөх ёстой. Гэтэл манай сургуулийн багш нарын 2019 оны долдугаар сарын нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг тасалдуулсан.

Бичилт тасалдсан учраас багш нар эрүүл мэндийн үйлчилгээгээ авч чадахгүй байдалд хүрсэн бөгөөд цалингийн зээл ч авах эрхгүй болсон.

Зарим багш нар амралтаараа Солонгос улс руу явдаг. Нийгмийн даатгалын дэвтэр дээр бичилт тасалдсан учраас даатгалаа барьцаалж виз мэдүүлэх ч боломжгүй болсон зэрэг олон асуудал үүссэн.

Тийм учраас бид энэ хүнтэй хамтарч ажиллах боломжгүй. Энэ тухай захирал ч мэдэж байгаа” гэв.

"БСШУСЯ-д ч гомдол, шаардлага өгөөд тоодоггүй"

 
Гэрэл зургийг Mpa.mn

“Биднийг 20 саяар хохироосноос гадна 2018 оны аудитын шалгалтаар санхүүгийн их эрсдэлтэй гэсэн хамгийн доод үнэлгээ авахад хүргэсэн. Сар бүр бидний цалин дээр асуудал үүсдэг. Энэ хүний ажлын ур чадвар, ёс зүйгүй байдлын талаар бид сургуулийн захиргаа болон Үндэсний аудитын газарт шалгуулах хүсэлтээ зохих журмын дагуу өгсөн боловч өдийг хүртэл шийдвэрлэж өгөхгүй байна.

Бүр БСШУСЯ-д ч гомдол, шаардлага өгөөд тоодоггүй.

Бид шударгаар хөдөлмөрлөж олсон хөлсөө бүрэн авч чадахгүй байсаар энэ хүрлээ. 

Хяналт шалгалтын байгууллага яагаад өдийг хүртэл шалгаад хууль бус байдлыг илрүүлэхгүй байна вэ” гэж тус сургуулийн багш ярив.

"Хүүхдийн хоолны мөнгийг зориулалтын бусаар ашиглаж байна"

 
Гэрэл зургийг Mpa.mn

116 дугаар сургуулийн бага ангийн багш н.Гэрэлмаа “Нягтлан бодогч н.Сарантуяа нь манай сургуулийн бичиг хэрэг худалдан авалтыг хийхдээ хувийн гэрээт бус газраас буюу танил талуудаасаа өндөр үнээр худалдаж авч байгаа нь ашиг сонирхлын зөрчил юм.

Үүгээр ч зогсохгүй төр, засгаас төсөвлөдөг хүүхдийн хоолны мөнгийг зориулалтын бусаар ашиглаж байна.

Тухайлбал, өнгөрсөн арванхоёрдугаар сард хүүхдийн хоолны мөнгө байхгүй гэсэн нэрийдлээр сурагчдын үдийн цайны нормыг багасгасан. Тэгсэн мөртлөө гэрээт бус байгууллагууд руу мөнгө шилжүүлж, багш нарт шинэ жилээр бэлэг авч өгсөн. 

Бид хүүхдүүдийн маань хоолны мөнгөнөөс хасан байж өгч буй тэр бэлгийг авахыг хүсээгүй учир эсэргүүцлээ илэрхийлсэн. Энэ мэт олон асуудал бий.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хоолны мөнгөнөөс хороодог ёс зүйтэй хүн манай сургуульд ажиллаж таарахгүй.

Холбогдох байгууллагууд зохих ёсны хариуцлага хүлээлгэхгүй байгаа учраас бид аргаа бараад, бухимдлаа барьж дийлэлгүй хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж байна.

Энэ хүн захирлаас давсан эрх мэдэлтэй байгаа нь анхаарал татаж байна. Сургуулийн нягтлангуудыг Төрийн сангаас томилдог” гэлээ.

 
Гэрэл зургийг Mpa.mn

“Тусгай сургуулийн нэмэгдэл гэж бид 30 хувийн нэмэгдэл авдаг. Гэтэл 2019 оны нэгдүгээр сард миний нэмэгдлийг 18 хувиар олгосон. Яагаад ингэж хасагдаж байгааг санхүүгээсээ асуухад “мартсан” гэсэн хариу хэлсэн.

Мөн анги даасан багшийн хувьд би мөн л нэмэгдэл цалин авах ёстой ч түүнээс маань дур мэдэн хассан тохиолдол гарсан” гэж багш н.Оюунгэрэл үзэл бодлоо илэрхийлэв.

Гэрэл зургийг Mpa.mn