Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй 930 автобусны 640 нь хувийн компанийнх"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн иргэдийн хувьд нийтийн тээвэр чухал асуудлуудын нэг. Нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлж буй ихэнх автобусны насжилт ирэх онд дуусах учир парк шинэчлэлт хийх тухай холбогдох албаныхан мэдэгдэж байгаа билээ.

Бид нийтийн тээврийн өмчлөл болон парк шинэчлэлтэй холбоотой зарим зүйлсийг Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрын Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаагаас утсаар тодрууллаа.

-Төрийн өмчийн хэчнээн автобус үйлчилгээнд явдаг юм бэ?

- Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн тээвэрт төрийн болон хувийн өмчийн нийт 930 автобус үйлчилгээ үзүүлж байна.

Үүнээс 290 автобус нь нийтийн тээврийн төрийн өмчит хоёр компанийнх бол үлдсэн 640 нь хувийн өмчит 16 компанийн эзэмшлийнх юм.

Хувийн өмчийн компанид тухайлбал:

  • Трансбус ХХК,
  • Глобус ХХК,
  • Сутай буянт ХХК,
  • Автобус нэгдэл ХХК,
  • Тэнүүн огоо ХХК,
  • Эрдэм транс ХХК,
  • Сайхан ирээдүй ХХК,
  • Аз сервис ХХК,
  • Терминал ХХК-ийн автобус үйлчилгээнд явж байна.

Хувийн компаниуд хүлээх хариуцлагын хувьд хэрхэн зохицуулагддаг юм бэ?

- Хувийн компаниудын хувьд манайхтай тодорхой гэрээ байгуулж ажилладаг бөгөөд өдөрт хэдэн цаг ажиллах, нэг автобус хэдэн рейс явахаас эхлээд олон төрлөөр гэрээнд үүрэг болгон тусгасан байдаг.

Хэрвээ тухайн компани гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авахаар гэрээнд заасан.

-Тухайлбал, нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой зөрчил гарвал хариуцлагыг хэрхэн хүлээлгэхээр заасан байдаг бол?

-Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцож болно. Харин гэрээний хувьд гэвэл тухайн аж ахуйн нэгж, компанитай хариуцлага тооцно.

-Энэ жилдээ багтааж 600 автобусанд парк шинэчлэлт хийхээр төлөвлөж буй тухайгаа нийслэлийн Засаг дарга илэрхийлсэн. Тэгвэл парк шинэчлэлтийг төрийн өмчит хоёр компанидаа хийнэ гэсэн үг үү?

Насжилтаар хасагдсан тээврийн хэрэгсэлдээ парк шинэчлэл хийх бөгөөд төрийн өмчит хоёр компанийн 290 автобус 2021 онд насжилт нь дуусна.

Энэ жил хэчнээн тээврийн хэрэгсэл хасагдахаар байна түүний орон зайнд л нөхөн хангалт хийгдэнэ.

300 автобусаар парк шинэчлэлт хийх төсөв суусан байгаа. Тэр нь мөн л үе шаттайгаар энэ ондоо багтаж орж ирнэ гэсэн үг.

Харин орж ирэх автобусыг хэрхэн хуваарилах нь одоогоор тодорхой биш.

-Автобусны компанитай холбоотой гомдлыг иргэд хаана мэдээлэх вэ?

-Гэрээнд хяналт шалгалт, цагийн хуваарьтай холбоотой заалтууд бий. Аж ахуйн нэгжтэй холбоотой гомдлыг манайд ирүүлдэг. Харин үйлчилгээндээ сэтгэл ханамжгүй байгаа тохиолдолд компанид нь мэдэгддэг болсон.