Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Францын ерөнхийлөгч Израйлийн хамгаалалтын албаныхантай маргалджээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Иерусалем хотод Холокостын дэлхийн тавдугаар чуулганд оролцож буй Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон өчигдөр уураа барьж чадалгүй Израйлийн хамгаалалтын албаныхантай маргалджээ.

Тэрээр өчигдөр Франц улсын газар нутагт тооцогддог Иерусалемын Гэгээн Аннагийн сүмд зочилсон юм. 12 дугаар зуунд байгуулагдсан Ромын католик шашны уг сүмийг Оттоманы султан 1856 онд Гуравдугаар Наполеонд бэлэглэж байжээ. Тэр цагаас хойш энэ сүм Франц улсын газар нутгийн нэг хэсэг болсон юм.

Макроныг сүмд орж мөргөл үйлдэх гэхэд Израйлийн хамгаалалтын албаныхан түрүүлж орох гэжээ. Энэ үеэр Франц, Израйлийн талуудын хооронд маргаан үүссэн байна. Сүүлд Макрон тэсэлгүй маргаанд оролцож, Израйлийн албаныхан руу хашхичиж эхэлжээ.

“Бүгд ёс журмаа мэдэж байгаа. Би та нарыг оруулмааргүй байна. Гадаа үлдэнэ үү! Хэдэн зууны турш мөрдөгдөж ирсэн журмыг хүндэл! Энэ уламжлал надтай цуг зөрчигдөх ёсгүй” гэж Макрон нэлээд ширүүн өнгөөр хэлсэн байна.

Израйлийн албаныхан Гэгээн Аннагийн сүмд Францын ерөнхийлөгчийн хийсэн айлчлал төлөвлөгөөний дагуу болсон, сүмд орохоос өмнө талуудын хооронд “зөвшилцөл” хийгдсэн тухай мэдээлжээ. Мөн Эммануэл Макрон сүмээс гарсныхаа дараа Израйлийн талаас уучлал гуйсан тухай мэдэгдсэн байна.

 Харин Францын ерөнхийлөгчийн хэвлэлийн алба Макроныг уучлал гуйсан үгүйг батлахаас татгалзжээ. Израйль улс Иерусалем хотыг бүхэлд нь өөрийн эзэмшил гэж үздэг бол дэлхийн ихэнх улс орон, тэдний дотор Франц улс тус хотын хуучин хэсгийг Израйлийн газар нутаг гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй юм.

1996 онд Францын ерөнхийлөгч Жак Ширак мөн сүмд зочлохдоо Израйлийн хамгаалалтын албаныхантай маргаан үүсгэж байжээ. 

Эх сурвалж: CNN