2020/02/29
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,762.71₮
B30
УЛААНБААТАР
-7°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-16°
04:00
S26
-13°
05:00
S26
-13°
06:00
S26
-13°
07:00
S26
-14°
08:00
S26
-14°
09:00
S26
-13°
10:00
S26
-12°
11:00
S26
-10°
12:00
S26
-8°
13:00
S26
-7°
14:00
S26
-5°
15:00
S26
-4°

Б.Мэргэн: Э.Бат-Үүлийн эсрэг гомдлыг шалгахдаа цагдаа, прокурор маш олон хууль зөрчсөн

Б.Энхзаяа, Өдрийн сонин
2020 оны 1 сарын 23
Өдрийн сонин
Гэрэл зургийг Mpa.mn

"Веритас партнерс" хуулийн фирмийн өмгөөлөгч Б.Мэргэнтэй ярилцлаа.

-Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын гомдлоор Хотын дарга асан Э.Бат-Үүлд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал шийдвэрээ гаргажээ. Шүүхээс ямар шийдвэр гаргав. Та Э.Бат-Үүлийн өмгөөлөгчөөр энэ хэрэг дээр ажилласан байх аа?

-Өмнөх Ерөнхийлөгч нарын хувьд иргэдээ нэр төрд халдлаа, гүтгэлээ гэж цагдаа шүүхээр шалгуулж байсан тохиолдол байдаггүй юм билээ. Энэ удаагийн манай Ерөнхийлөгч хэтэрхий эмзэг байна уу, юм л бол иргэдээ “Нэр төрд халдлаа" гэж шалгуулдаг уламжлалтай болчихлоо.

Өмнө нь бас иргэн Ц.Уянгыг гүтгэлээ гэж шалгуулж цагдаагаас хоёр сая төгрөгийн торгууль тавьсан. Уг хэргийг анхан шатны шүүхээс прокурорт буцааж, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх рүү дахиад хэрэг хэлэлцэхээр буцаагаад байна. Э.Бат-Үүл гуайг үүнтэй адилхан хэлбэрээр “Гүтгэлээ” гэж цагдаад хандаж, яг саяныхтай адил шийдвэр шүүхээс гарсан. Энэ удаагийнх бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Э.Бат-Үүлийг өөрийг нь гүтгэлээ гэж гомдол гаргасан.

Тэгэхээр Э.Бат-Үүл гэдэг хүний эсрэг Ерөнхийлөгч, Ерөнхиийлөгчийн Тамгын газрын дарга хоёроос гомдол гаргаж, тус бүр хоёр сая төгрөгөөр торгуулах шийдвэр гаргуулчихаад байна.

Анхан шатны шүүхээс “З.Энхболдыг гүтгэсэн нь үнэн байна гэсэн Цагдаагийн байгууллагаас торгосон шийдвэр нь үндэслэлтэй байна" гээд шийдвэрийг хэвээр үлдээгээд байсан. Давж заалдах шатны шүүхэд манай талаас гомдол гаргасны дагуу хуралдаан болж “Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна” гэж үзлээ. Ийм л үйл явдал өрнөж байна.

манай Ерөнхийлөгч хэтэрхий эмзэг байна уу, юм л бол иргэдээ “Нэр төрд халдлаа" гэж шалгуулдаг уламжлалтай болчихлоо.

Ерөнхийлөгчийн болон түүний Тамгын газрын даргатай холбоотой асуудал дээр бол сая шийдвэр гарсны дараа бодож байлаа. Өөрсдийг нь томилдог шүүгч нар өөрийнх нь эсрэг шийдвэрийг шударгаар гаргаж чадна гэдэгт итгэж байдаг би ямар гэнэн хүн бэ гэж. Ингэж бодоход хүрсэн хэд, хэдэн шалтгаан байгаа.

Дээрх гурван тохиолдолд шийдвэрийг нь цагдаа гаргаж, гурвууланг нь торгосон. Гэтэл энэ бүх ажиллагаа хууль тогтоомжид заасныхаа дагуу ямар ч эргэлзэх зүйлгүйгээр тогтоогоод шалгаад явсан бол бид давж заалдаад байх шаардлага алга. Хүний урамд нэг ширхэг ч хууль зүйн үндэслэл, процессын зөв ажиллагаа явагдаагүй.

Баримт нотолгоонууд нь бүгд худал, байж болохгүй процессын алдаатай. Ерөнхийлөгчийн гомдлыг шийдэхийн тулд цагдаа, прокурор, шүүхтэйгээ нийлж байж Үндсэн хууль, бусад хуулийг уландаа гишгээд нулимж болдгийг харуулсан.

-Тухайлбал?

-Ганц жишээ хэлэхэд цагдаа, прокурор хоёр хэргээ шалгаж дуусаад хоёр сая төгрөгөөр торгосон. Гомдол гаргахаар хэргийг шүүхэд шилжүүлж байгаа. Түүний дараа өөрсдийнхөө алдааг олж харангуутаа “Шүүхэд байгаа хэрэгтэй танилцах” нэрээр очихдоо нөгөө хавтаст хэргээс зарим зүйлийг баллуурдаж зассан байдаг.

Хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг өөрчлөх, засах, хаяж үрэгдүүлэх, зохиож оруулах нь Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэг. 1-5 жилийн хорих ялтай.

Харамсалтай нь Ерөнхийлөгчийн гомдлыг шийдэхийн тулд өөрсдийгөө золиосонд гаргаж байгаа хэрэг үү. Ингээд шүүгч ч энэ асуудлыг хүлээн зөвшөөрч, шийдвэр дээрээ бичсэн байгаа юм. “Хавтаст хэргийг баллуурдаж янзалсан байгаа нь Б.Мэргэн өмгөөлөгчийн гаргаж байгаа нотлох баримтаар тогтоогдож байна” гээд.

Нэгэнт шүүгч ингэж үзсэн бол тэр баримтыг хэрэгсэхгүй болгох ёстой байтал хэргийг прокурорт буцаачихсан.

Тэгвэл өөр нэг хэрэг дээр нь баримт баллуурдаагүй, хуурамч нотлох баримт зохиож оруулж ирээд биччихсэн байдаг. Э.Бат-Үүлийн өгөөгүй мэдүүлгийг өгсөн болгож зохиож бичээд, хэргийн материалд хавсаргаж түүн дээрээс үндэслээд шийдсэн. Энэ бол хоёрхон жишээ. Үүний цаана гурван хэрэг нийлбэл арав, арван жишээ байж болно.

-Гүтгэх заалттай холбоотой маргаан одоо ч үргэлжилсээр байна. Таны хэлдгээр Төрийн тэргүүн иргэн бүрээ шүүх, цагдаад шалгуулж байгаа нь эмзэглэмээр ч нөгөө талаар гүтгэж доромжилсон бол эрхээ хамгаалах эрх бүх хүнд бий?

-Гүтгэх, доромжлох заалт гэмт хэрэг байсан нь үнэн. Олон улсын эрх зүйд, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ бусад баримт бичгүүдэд хүн үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй. Тэр эрх чөлөөг нь тасалдуулах, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг нь боомилох, хэвлэлийн ч юм уу иргэдийн амыг хамхихын тулд торгодог, хорьдог, ял өгдөг байж болохгүй. Энэ бол олон улсын зарчим.

Тийм учраас ихэнх улсад хэрэв гүтгэсэн доромжилсон гэж үзэж байгаа бол түүнийг Иргэний хэргийн шүүхэд ханддаг. Тэр байтугай гомдол гаргагч гомдлоо нотолж чадахгүй бол хэрэгсэхгүй болох ёстой гэж үздэг. Гэхдээ бүр зориуд санаатай гүтгэх зорилготой үйлдсэн бол өөр хэрэг. Үүний ялгаа заагийг олох ёстой.

Зөрчил ч бай, гэмт хэрэг ч бай гүтгэсэн байна гэж үзвэл нотлох үүрэг нь цагдаа, прокурорт өөрт нь байх ёстой.

Гүтгэх заалт анх Эрүүгийн хууль дээр байснаа Иргэний хууль руу оруулъя гэдэг санал санаачилга гарч эхэлсэн байдаг. Гэтэл эсэргүүцэл үүсээд тэгвэл ядаж зөрчил болгоё гээд торгодог болсон. Одоо болохоор зөрчил нь болохгүй байна гээд Эрүүгийн хууль руугаа орууллаа.

Зөрчил ч бай, гэмт хэрэг ч бай гүтгэсэн байна гэж үзвэл нотлох үүрэг нь цагдаа, прокурорт өөрт нь байх ёстой. Нэг хүн хулгай хийчихлээ. Цагдаа тэр хүнийг шалгаж байхдаа “Чи хулгай хийгээгүйгээ нотол” гэдэггүй биз дээ.

Хулгай хийснийг нь прокурор, цагдаа тогтоогоод шүүх рүү шилжүүлдэг. Гэтэл Зөрчлийн хуулийн гүтгэх заалтаар “Э.Бат-Үүл ээ, чи энэ бичсэн мэдээллийнхээ үнэн гэдгийг нотол” гээд байгаа.

Уг нь гомдол гаргагч, эсвэл цагдаа нь нотлох ёстой. Э.Бат-Үүл гуайн хувьд ганц юмыг хүссэн. “Би ингэж бичсэн нь үнэн. Худал гэдгийг та нар тогтоогоод өг. Хэрэв намайг худлаа хэлсэн гэж байгаа бол би хариуцлага хүлээе” гэж байгаа.

Гэтэл эсрэгээрээ “Э.Бат-Үүл мэдээллээ нотолж чадахгүй байна” гээд торгохоор болж байна.

-Тэгвэл гүтгэх заалт Иргэний хуулиар зохицуулагдах нь зөв гэж үзэж байна уу?

-Тийм. Иргэний хуулиар шийдүүлэх нь тухайн гомдол гаргагч хүн зөрчигдсөн эрхээ сэргээж чадна. Иргэний хууль дээр гүтгэсэн гэж үзвэл няцаалт хийх, уучлалт гуйх, сэтгэл санааны болон бусад хохирлуудыг барагдуулах гээд зөрчигдсөн гээд байгаа эрхээ сэргээх боломжтой.

Харин Зөрчлийн хуулиар торгочихоор ямар ч эрх сэргэхгүй, торгосон хоёр сая төгрөг нь улсын санд орчихно. Эрүүгийн хуульд ч тэр.

-УИХ-ын асан Д.Гантулгын хэрэгтэй холбоотой шинжээчдийн шүүх хурал хоёр өдөр үргэлжиллээ. Шүүхийн шинжилгээний шинжээчидтэй холбоотой маргаан их байдаг. Танай фирм хохирогчдын өмгөөлөгчөөр оролцсон. Хохирогчдын эрх сэргээгдэж чадав уу?

-Шүүх шинжилгээний байгууллагын дарга, ажилтнуудтай холбоотой хардлага, сэрдлэг аль ч уед байдаг. Зарим тохиолдолд томоохон зөрчлүүд илэрлээ гээд хэвлэлээр шуугиад өнгөрдөг. Бүр дарга нар нь том хэргүүдэд холбогдож анхан, давах шатны шүүх дээр ял авчихаад Улсын дээд шүүх дээр цагаадаж байсан тохиолдол ч байдаг. Манай фирмийн хувьд энэ төрлийн хэрэг анхных байлаа.

Д.Гантулга гэдэг хүн хүчингийн гэмт хэрэг үйлджээ гэсэн гомдол 2017 оны зургаадугаар сарын 22-нд анх цагдаагийн байгууллагад ирсэн байдаг. Түүний дагуу хэрэгт шинжээч томилсон.

Шинжээчдийн хувьд хохирогчийн биенээс болон хувцаснаас дээж аваад шинжилгээ хийхэд ямар нэгэн эр бэлгийн эс илрээгүй. Тэгэхээр энэ бол хүчингийн хэрэг биш байна гээд маш богино хугацаанд хэрэг хаагдсан.

Бид Ерөнхий прокурорт гомдол гаргаснаар хэргийг сэргээсэн. Ингээд шалгалтын ажил үргэлжилж, дахин шинжээч томилсон байдаг. Энэ явцад өмнөх шинжээчийн дүгнэлт гаргасан дэвтэр, бусад нотлох баримтыг шалгаж үзсэн.

хохирогчийн биеэс эр бэлгийн эс илэрсэн гэсэн байсан боловч түүнийг нь баллуурдаж байгаад “Илрээгүй" гэж бичсэн байдаг.

Гэтэл хэд, хэдэн ноцтой асуудлууд гарсан. Хамгийн эхэнд хохирогчийн биеийн ямар хэсэгт үзлэг хийв, ямар үр дүн гарав гэдгийг товч тэмдэглэдэг нэгдсэн дэвтэр байдаг. Тэр дэвтэрт бичсэнээр эхний дүгнэлт дээр хохирогчийн биеэс эр бэлгийн эс илэрсэн гэсэн байсан боловч түүнийг нь баллуурдаж байгаад “Илрээгүй" гэж бичсэн байдаг.

Хоёрт, компьютер дээрх тэмдэглэлийг мөн баллуурдсан байдаг.

Ингээд Д.Гантулга болон шинжээчдийн хэрэг давхар шалгагдаж гурав жил орчим болсон. Хэргийг прокуророос шүүхэд шинжлүүлэхийн өмнө шүүхийн шинжилгээний албаны дарга, Д.Гантулга хоёрыг шинжээчийн дүгнэлт гаргуулсан гэмт хэрэгт гэм буруугүй гэж үзээд хэрэгсэхгүй болгосон.

Өнгөрсөн долоо хоног болон энэ долоо хоногийг дамнан болсон шүүх хурал дээр Шүүхийн шинжилгээний нэг хэлтсийн дарга, хоёр шинжээчийн хамт шүүгдэж “Дүгнэлт буруу гаргасан байна” гэдэг үндэслэлээр ял авлаа. Мэдээж шинжээч өөрөө сайн дураараа дүгнэлтийг буруу гаргана гэж байхгүй. Цаана нь ямар нэгэн асуудал байгаа.

-Ц.Сандуй, А.Ганбаатар нарын нөхцөл байдал ямар байгаа вэ. Хэргийг прокурорт буцаагаад байгаа шүү дээ?

-Анхан шатны шүүхийн шийдвэрээр бол Эрүүгийн хуулийн 14.9 дүгээр зүйл буюу сонгуулийг будилаантуулсан гээд дөрвөн жилийн ял өгсөн. Гэхдээ прокурор хуучин 2002 оны Эрүүгийн хуулийн 82.1 дүгээр зүйл буюу төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэмт хэргээр зүйлчилж оруулж ирсэн. Үүнийг шүүх үзээд төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэмт хэрэг бол үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг.

Сонгуулийг будлиантуулахад нөлөөлөх нь хүний улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг. Хоёр өөр гэмт хэргийг хооронд нь хольж зүйлчилсэн нь буруу. Хоёрт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүх прокуророос оруулж ирсэн хэргийн материалын хүрээнд шүүх хуралдаан явуулна гэж заасан.

Ингэхдээ прокуророос оруулж ирсэн яллах зүйлчлэлийн ялыг хөнгөрүүлнэ, өөр зүйлчлэлээр сольж болно гэсэн заалт байдаг.

Өөрөөр хэлбэл, хэрэв 82.2 гэдэг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй заалт байгаад прокурор яг түүгээр нь зүйлчилж оруулж ирсэн бол 82.1 болгож өөрчилж болно гэсэн зохицуулалт болохоос биш 82.1 гэж оруулж ирснийг хаа холын 14.9 гэж зүйлчилж болохгүй гэсэн утгатай.

Гэтэл шүүх тайлбарлахдаа Эрүүгийн хуулийн 82.1 чинь 10-20 жилийн ялтай, 14.9 нь 2-8 жилийн ялтай.

Хууль дээр шүүх хэргийг хөнгөрүүлэн зүйлчилж болно гэж заасан учраас ингэж зүйлчилсэн гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байгаа. Ингэхдээ шүүхээс 82.1 буюу төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хэрэг биш гэдгийг хүлээн зөвшөөрчихөж байгаа.

Уг нь хэрэг биш юм бол хэрэгсэхгүй болох ёстой зүйлийг хуулиа буруу тайлбарлаад Эрүүгийн хуулийн 14.9-өөр зүйлчилсэн.

Үнэхээр 14.9-ээр зүйлчлэхдээ тулах юм бол хуучин хуулийн 131.1 зүгээр зүйлд заасан Сонгуулийг будилаантуулж сонгуулийн санал хураалтад хууль бусаар нөлөөлөх гэх гэмт хэрэг чинь шинэ хуулийн 14.9. Хэрэв хооронд нь дүйцүүлэх гэж байгаа бол 131.1-ийг 14.9 болгож дүйцүүлж болохоос биш 82.1-ийн 14.9 болгож болохгүй.

Эндээс хэргийг хүчээр шийдэж байна уу гэх хардлага төрж байгаа юм. Энэ нь давж заалдах шатны шүүх дээр батлагдсан гэж үзэж байгаа. Тус шүүхээс Доржзодовыг яллагдагчаар татах эсэхийг тайлбарлаж оруулж хэмээн хэргийг прокурорт буцаасан.

-Анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй болсон. Тэгэхээр А.Ганбаатар, Ц.Сандуй хоёр суллагдах уу?

-Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгочихсон учраас тэр хүмүүсийг хорих уу, үгүй юү гэдэг асуудал яригдана.

Практик дээр ч хууль зүйн үндэслэлээ харсан ч сулладаг. Гэтэл шүүхээс энэ асуудлыг прокурор мэднэ гэж тайлбарлаад байгаа. Тэгэхээр хэргийн материал прокурор дээр очих хүртэл хоёр сар гаруйн хугацаа шаардагдана. Прокурор энэ 30 хоногийн хугацаанд эсэргүүцэл бичихгүй бол суллагдах асуудал яригдах болов уу.

-“Бид уучлахгүй” хөдөлгөөний залуус ХЗДХЯ-ны байранд нэвтэрч өндөр үнээр тохижуулсан өрөө танхимыг харахыг шаардаад эцэстээ баривчлуулсан үйл явдал уржигдар боллоо. Татвар төлөгч энгийн иргэн төлсөн татварынхаа зарцуулалтыг энэ маягаар шаардах эрхтэй юу. Хууль зүйн үндэслэлийг тайлбарлаж өгөхгүй юу?

-Үндсэн хуульд зааснаар иргэд төрийн байгууллагаас нууцад хамаарахаас бусад мэдээллийг хайх, хүлээн авах эрхтэй. Татвар, санхүүгийн тайлан тооцоо бол төрийн болон албаны нууцад хамаарах асуудал биш.

Мөн Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд иргэд дөрвөн төрлийн мэдээллийг төрийн байгууллагаас шаардах эрхтэй, төрийн байгууллага ил тод өгөх үүрэгтэй. Санхүү, татвартай холбоотой асуудлыг Шилэн дансны тухай хуулиар илүү нарийвчлан зохицуулсан.

Түүнд зааснаар байгууллага бүр зардлаа цахим хуудаст ил тод зарлаж байх ёстой.Хэрвээ иргэд хардах юм бол аудитын байгууллагаар шалгуулах эрхтэй, аудитын байгууллага шалгалтын хариуг иргэдэд егөх үүрэгтэй. Цаашлаад иргэдээс татварын мөнгийг буруу зүйлд зарцуулсан гэж үзэж байгаа бол энэ талаар шүүхэд ч хандах эрхтэй байдаг.

x