Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Владимир Путин: Сингапурын загвар Орост тохирохгүй

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Хар тэнгисийн эргийн Сочи хотод оюутнуудтай уулзаж, асуултанд хариулжээ.

Энэ үеэр саяхан түүний дэвшүүлсэн үндсэн хуулийн өөрчлөлт болон Оросын засаглал ирээдүйд ямар байх тухай асуудал хөндөгдсөн байна.

“Манай улс ерөнхийлөгчийн хүчтэй засаглалтай байх ёстой. Манайд маш олон үндэстэн угсаатан, өөр өөр амьдралын хэв маяг бий. Эдгээрийг парламентын бүгд найрамдах улс зангидаж чадахгүй” гэж Путин ярьжээ.

Одоогийн үндсэн хуулийн дагуу Путин 2024 онд ерөнхийлөгчийн албан тушаалаас буух ёстой. Өнгөрсөн долоо хоногт дэвшүүлсэн түүний саналаар ерөнхийлөгчийн эрх мэдлийг эрс багасгах төлөвтэй байгаа юм.

Зарим ажиглагчид түүнийг залгамжлагчаа зориуд хүчгүйдүүлээд өөрөө эрх мэдэл ихтэй ерөнхий сайд болохоор төлөвлөж байна гэж үзэж байна.

Тэгвэл Путин өчигдөр ярихдаа ОХУ нь ерөнхийлөгчийн хүчтэй засаглалтай байх ёстой гэсэн байр суурь илэрхийлжээ.

Оюутнуудын зарим нь түүнийг Сингапурын ерөнхий сайд асан Ли Куан Юү шиг ажлаа өгсний дараа “зөвлөх” статустай улс орноо удирдсан хэвээр байх бодолтой байгаа эсэхийг нь асуусан байна.

Путин энэ асуултад “Тэр бол гарамгай удирдагч байсан. Миний санаж байгаагаар тэр 30 орчим жил ажиллахдаа хүчирхэг улс орныг босгож чадсан. Та нар намайг түүн шиг ‘Зөвлөх Сайд’ болгох гээд байна уу? Ингэвэл ерөнхийлөгчийн засаглалтай зөрчилдөнө. Ийм загвар Орос шиг улсад тохирохгүй гэж би бодож байна” гэж хариулжээ.

 

Эх сурвалж: Reuters