Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэдийг Ухань хотоос гарахыг хориглож, ДЭМБ шийдвэрээ хойшлууллаа

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Шинэ коронавирусийн голомт болоод байгаа Хятадын Ухань хотын захиргаа өчигдөр тус хотоос гарах нийтийн тээврийн урсгалыг зогсоох шийдвэр гаргажээ.

Өнөөдөр өглөөний 10 цагаас эхлэн тус хотоос гарах автобус, метро, усан болон агаарын тээвэр, төмөр замын хөдөлгөөнийг түр хугацаанд хаах юм байна.

Тээврийн хориг хэзээ цуцлагдах талаар мэдээлээгүй байна. Ухань хот нь Хятадын төмөр замын гол дөрвөн зангилааны нэг болдог. Хувийн машинтай иргэдэд хориг тогтоогоогүй ч “онц шаардлагагүй бол хотоос гарахгүй байх”-ыг анхааруулжээ.

Сүүлийн байдлаар шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо 552 хүрч, амиа алдсан хүний тоо 17 болоод байна.

Тэдгээрээс Тайландад 4, Хонг Конгт 2, Макао, Тайвань, Өмнөд Солонгос, Япон, АНУ-д тус тус нэг халдвар илрээд байгаа юм. Бусад нь бүгд эх газрын Хятадад илэрчээ.

Нийт 11 сая оршин суугчтай Ухань хот нь Лондон, Нью Йоркоос ч том хот юм. Өчигдөр орой нийтийн тээврийн хориг зарлагдсаны дараа өглөөний 10 цагаас өмнө амжиж хотоос гарах гэсэн иргэд төмөр замын өртөө, нисэх онгоцны буудлуудыг дүүргэсэн байна.

Өчигдөр Швейцарийн Женев хотод хуралдсан Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) шуурхай зөвлөл шинэ коронавирусийн халдварын улмаас олон улсад онц байдал зарлах эсэхийг шийдэх байсан юм. Зөвлөлийн гишүүд Ухань хотод тогтоосон нийтийн тээврийн хориг, өвчтөнүүдийн биеийн нөхцөл байдлын талаар Хятадын талаас дэлгэрэнгүй мэдээлэл авсны дараа эцсийн шийдвэрийг өнөөдөр буюу Пүрэв гарагт гаргахаар болжээ.

 

Эх сурвалж: Reuters, AFP

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.