Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

"В, С вирусийн ачаалал тодорхойлох шинжилгээ хийж байсан 28 лабораторийн 15 нь чанарын шаардлага хангаагүй"

Г.Номин, iKon.mn
2020 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
"В, С вирусийн ачаалал тодорхойлох шинжилгээ хийж байсан 28 лабораторийн 15 нь чанарын шаардлага хангаагүй"
Sara, ikon.mn - text to speech

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтарч хийсэн түүвэр судалгаанаас үзвэл манай улсад хепатитийн В, С вирусийн архаг халдвартай 400 мянга орчим хүн өвчилсөн байх магадлалтай гэж үзсэн тул 2017 онд Засгийн газрын хуралдаанаар “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг баталж тус оныхоо тавдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн.

Хөтөлбөрийн хүрээнд элэгний В,С вирусийг илрүүлэх, тоолох шинжилгээг 28 лаборатори авч, вирусийн эсрэг 5 төрлийн эмийн үнэд эрүүл мэндийн даатгалын сангаас хайрцаг тутамд 210 мянган төгрөг, дан найрлагатай 2 нэрийн эмийн үнийг 60-150 мянган төгрөгөөр хөнгөлж зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан.

Гэвч 28 лабораторийн 13 нь ЭМЯ-ны шалгалтад тэнцээгүй, мөн ДЭМБ-аас авсан шалгалтад лабораториудын 70 хувь нь бүдэрсэн төдийгүй вирусгүй иргэний шинжилгээний хариу вирустэй гэж гарсан гэх мэдээллүүд гараад байгаа юм.

Эдгээр мэдээллүүдтэй холбогдуулан Монголын Лабораторийн Нэгдсэн сүлжээ ТББ, Оном сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/onomsan/videos/484037429199097/
"Лабораториуд эмч нарт цалин тавьж байгаа юм шиг мөнгө тарааж, явуулсан хүнийх нь тоогоор урамшуулдаг нь үнэн"

Тэрбээр "Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн хүрээнд хепатитын В, С вирусийн ачаалал тодорхойлох шинжилгээ хийж байсан лабораториудын материал, арга зүйн зохистой байдал, шинжилгээний бодит хүртээмжийг судлах, үнэлгээ дүгнэлт ѳгѳх Ажлын хэсгийн дүгнэлт гарсанаас хойш даруй 7 сар гаруй хугацаа өнгөрчээ.

2019 оны зургаадугаар сараас эхэлсэн энэ шалгалтын ажил зуны турш үргэлжилж үр дүнгээ гаргасныг танилцуулж байгаа юм. Гарсан үр дүнгээс харвал чанарын шалгалтыг тогтмол хийж байх ёстой нь харагдсан. Бидний зүгээс жилд хоёр удаа хийж, үр дүнг нь иргэдэд нээлттэй мэдээлж байх ёстой гэж үзэж байгаа.

Зарим эмнэлгийн эмч нар лабораторийн нэр зааж өгч явуулаад шижилгээ өгүүлдэг. Энэ бол шууд ашгийн зорилготой үйлдэл. Лабораториуд эмч нарт цалин тавьж байгаа юм шиг мөнгө тарааж, явуулсан хүнийх нь тоогоор урамшуулдаг нь үнэн.

Чанарын шаардлага хангаагүй лабораторид шинжилгээ өгсөн бол үр дүнд нь 100 хувь итгэх боломжгүй юм.

Тулгамдсан асуудлаа нууж дордуулах уу?, илчилж эрүүлжүүлэх үү?. Илчилж эрүүлжүүлье ээ" хэмээн ярилаа.

Хаппи веритас, Ай Ти болон Итгэл лабораториудад 1.5 тэрбум гаруй төгрөгийн торгууль, акт тавиад байна

Мэргэжлийн түвшинд хийгдсэн энэ үнэлгээгээр хепатитын В, С вирусийн ачаалал тодорхойлох шинжилгээ хийж байсан 28 лабораториос дараах 15 лаборатори чанарын шаардлага хангаагүй нь тогтоогдсон:

  1. Хаппи веритас лаборатори
  2. Ай Ти лаборатори
  3. Итгэл лаборатори
  4. Онкоген лаборатори
  5. Гэгээн ар үр эмнэлэгийн лаборатори
  6. Евростандарт лаборатори
  7. Мобио лаборатори
  8. Протлаб лаборатори
  9. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн лаборатори
  10. Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн лаборатори
  11. Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгийн лаборатори
  12. Дермамед ЮБИ нэгдсэн лаборатори
  13. Гялс анагаах ухааны төвийн лаборатори
  14. Мед аналитик лаборатори
  15. Экспресс оношилгооны тѳвийн лаборатори

Улмаар энэ үнэлгээний дүгнэлтэнд үндэслэн Эрүүл мэндийн даатгалын ерѳнхий газар эдгээр 15 лабораторийн гэрээг түдгэлзүүлж, улмаар Хаппи веритас, Ай Ти болон Итгэл лабораториудад 1.5 тэрбум гаруй төгрөгийн торгууль, акт тавиад байгаа ажээ.

Энэ удаагийн үнэлгээгээр дараах 13 лаборатори чанарын шаардлагад тэнцсэн болохыг дурьдах нь зүйтэй:

  1. Сонгдо эмнэлгийн лаборатори
  2. Элэгний төвийн лаборатори
  3. Оношмед лаборатори
  4. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн лаборатори
  5. Улсын гуравдугаар төв эмнэлгийн лаборатори
  6. Медипас эмнэлэгийн лаборатори
  7. Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн лаборатори
  8. Бонавита лаборатори
  9. Грандмед эмнэлгийн лаборатори
  10. Аллергимед эмнэлгийн лаборатори
  11. Хавдар судлалын үндэсний төвийн лаборатори
  12. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лаборатори
  13. Интермед эмнэлгийн лаборатори