Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп Давосын индрээс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэгчдийг шүүмжлэв

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Швейцарийн Давос хотод эхэлсэн Дэлхийн Эдийн Засгийн Чуулганы нэг гол сэдэв нь экологи, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал болж байна.

Энэ арга хэмжээнд байгаль орчны төлөө тэмцлээрээ дэлхий дахинд алдаршсан Шведийн 16 настай охин Грета Тунбэрг оролцож байгаа юм.

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус чуулганд гол илтгэгчээр оролцохдоо эдгээр тэмцэгчдийг шүүмжилсэн агуулгатай үг хэлжээ.

Тэрээр АНУ-ын эдийн засгийн өсөлтийг магтан ярьж, “дэлхийн сүйрлийг зөгнөгчид”-ийг сонсохгүй байхыг тэнд цугласан бизнесийн лидерүүдэд уриалсан байна.

“Өнөөдөр гутранги байх цаг биш. Өнөөдөр бол өөдрөг байх цаг үе. Маргаашийн боломжийг ашиглахын тулд бид дэлхийн сүйрлийг зөгнөгчдийг сонсохгүй байх хэрэгтэй. Тэд бол өнгөрсөн үеийн мэргэч төлөгчдийг залгамжлагчид юм. Тэд 1960-аад оны үед дэлхийн хүн ам хэт олшрох тухай ярьж, 1970-аад оны үед дэлхий нийтээр өлсгөлөнд автана, 1990-ээд оны үед газрын тосны нөөц дуусна гэж ярьж байсан. Тэдний зорилго үргэлж хүмүүсийг, эрх мэдлийг өөрийн гарт оруулах байсан. Бид хэзээ ч радикал социалистуудад эдийн засгаа сүйрүүлэх, эрх чөлөөг боомилох боломж олгож болохгүй” гэж Трамп хэлжээ.

Гэхдээ тэр байгаль орчныг хөндөлгүй хэвээр хадгалж үлдэх нь зөв гэж боддогоо энэ үеэр мэдэгдсэн байна.

“Байгаль орчин бол миний хувьд маш чухал зүйл. Би цэвэр агаар, тунгалаг усыг хүсдэг” гэж Трамп хэлсэн юм.

Давосын чуулганы үеэр Трамп, Грета нар уулзах төлөвлөгөө яригдаагүй байгаа. Грета өчигдөр дэлхий даяар нэг их наяд мод суулгах шинэ хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа мэдэгджээ.

“Мод тарих нь мэдээж зөв. Гэхдээ энэ нь байгаль дэлхийгээ аврахад хангалттай биш. Бид хүлэмжийн хийг бууруулах тухай биш, зогсоох тухай ярих ёстой” гэж Грета өчигдөр мэдэгдсэн байна.

Тэрээр өчигдөр Давосын чуулганд үг хэлэхдээ нүүрс, газрын тос зэрэг шатдаг түлшний хөрөнгө оруулалт, татаас хөнгөлөлт зэргийг бүрмөсөн зогсоохыг эрх баригчдад уриалжээ.

 

Эх сурвалж: The Guardian