Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Нарантулга: 55-аас дээш насныханд бусадтай ярилцах, өөрийгөө илэрхийлэх, шинэ хоббитой болох зэрэг олон хүсэл байдаг

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Урлагийн сэтгэл засал судлалын үндэсний төвөөс 55-65 насныханд зориулан "Hello, my inner child" хэмээх хөтөлбөр хэрэгжүүлэх эхлэх талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Анхдагч гэж тодорхойлж болохуйц энэ хөтөлбөрийн талаар урлагийн сэтгэл засалч Б.Нарантулгатай ярилцлаа. 

Тэрбээр хөтөлбөрийн явцад "Ахмад настнууддаа дотоод хүүхэдтэйгээ илүү дотно танилцах, сонсож, мэдрэх, өөрөөр хэлбэл түүнийгээ баярлуулах боломжийг олгоно" гэдгийг онцолж байв.


-Урлагийн сэтгэл заслын хөтөлбөр хэрэгжүүлэхээр зэхэж байгаа тухай сонссон. Сэтгэл заслын аргуудаас яагаад урлагийг голчлон сонгох болов?

-Урлагийн сэтгэл засал гэдэг нь урлаг, сэтгэл засал хоёрыг хослуулсан эмчилгээний арга. 1900-аад оноос эхлэлтэй ч Дэлхийн II дайны сүүл үеэс сэтгэл зүйн эмчилгээ чиглэл рүү түлхүү хөгжсөн. Сүүлийн жилүүдэд олон төрлөөр дэлгэрэн хөгжиж, сэтгэл засал эмчилгээний орчин үеийн сонирхолтой аргуудын нэг болоод байгаа.

1980-аад оноос Монгол Улсад сэтгэл засал эмчилгээнд хэрэглэгдэж байсан ч олон нийтэд хандсан үйл ажиллагаанууд хийгддэггүй байсан. Харин ойрын үед олон нийтэд хандсан үйл ажиллагаанууд хийгдэж эхэлсэнтэй холбоотой урлагийн сэтгэл засал гэх нэр томъёо хүмүүст түгээмэл сонсогдох болж. Урлагийн сэтгэл засал нь урлагийг гол хэрэглэгдэхүүнээ болгодог тул оролцогчдод сэтгэл зүйн хамгаалалтыг бага үүсгэж, урлагаас таашаал авч сурах, өөрөө урлаг бүтээх гэх мэт давуу тал олонтой.

-55-65 насны хүмүүсийн сэтгэл зүйн онцлог юу вэ. Яагаад энэ насныханд хөтөлбөрөө зориулах болсон бэ? 

-55-аас дээш насныхан гэдэгт тэтгэврийн насны хүмүүсийг хамруулан ойлгож болно. Энэ насыг бие сэтгэл зүйн онцлогоос шалтгаалан идэр наснаас ахмад нас руу шилжиж буй шилжилтийн үе гэж үздэг. Иймээс 55-аас дээш насныханд үс цайх, арьс үрчлээтэх, биеийн жин багасах, амтлах, үнэрлэх, сонсох, харах чадварууд буурч, хариу үйлдлийн хугацаа удааширч, махбод доройтож эхэлдэг.

Гэхдээ энэ шинж тэмдгүүд хэрхэн илрэх нь хүчилтөрөгчийн дутагдал, зүрхний лугших чадвар буурч, алдсан шим тэжээлээ хурдан нөхөх чадвар муудаж байгаа зэргээс шалтгаална. Тэтгэвэрт гарсантай холбоотойгоор нийгмийн харилцаанаас холдож эхэлдэг гэх мэт олон өөрчлөлт бий болдог үе юм.

Түүнээс гадна 55-аас дээш насныханд бусадтай ярилцах, өөрийгөө илэрхийлэх, шинэ хоббитой болох зэрэг олон хүсэл байдаг. Тэгвэл урлагийн сэтгэл засал нь энэ бүгдийг хослуулдаг гэж хэлж болно.

-55 ба түүнээс дээш насыг ахмад гэж тодорхойлж болох уу. Энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Насны ангиллаар ахмад нас гэдэгт ороод байгаа юм. Бид хөтөлбөр зарласнаас хойш монголчууд маань ахмад настан гэж хэлүүлэхэд эмзэг байдгийг ажиглалаа. Тиймээс тэтгэврийн нас гэж тодорхойлох нь зүйтэй юм болов уу гэж бодож байна

-Хүний зурсан зураг, өнгө будгаас шалтгаалан хүний сэтгэл санаа ямар байгааг тодорхойлох боломжтой юу?

-Мэдээж боломжтой. Тийм учраас л сэтгэц оношилгооны проектив тестүүдийг сэтгэл зүйчид, урлагийн сэтгэл засалчид, сэтгэцийн эмч нар үйлчлүүлэгчийнхээ асуудлыг тодорхойлох үүднээс явуулдаг. Хүний зурсан зургийн өнгө будгаас гадна зураасны чанараас мөн сэтгэл зүйн байдлыг ойлгох боломжтой. 

-Сэтгэл санаа эерэг, тайван байх тусам хүн ямар өнгийг илүү сонгодог бол?

-Энэ нь тухайн ажиллаж байгаа асуудал болоод хувь хүний онцлогоос шалтгаалаад янз бүр байдаг. Гэхдээ бидний мэддэг өнгөний ерөнхий бэлгэдлүүд байдаг. Жишээ нь хар өнгө бол уйтгар гуниг, улаан өнгө бол хайр сэтгэл, ногоон өнгө нь амар амгалан, тайван байдлыг, шар өнгө нь халуун дулаан нарыг илэрхийлдэг гэх мэт.

Гэвч сэтгэл засал, сэтгэц оношилгооны хувьд үүнтэй адил хөдөлшгүй томьёо гэж байдаггүй. Хувь хүн болгон дахин давтагдашгүйтэй ижил тухайн хүний асуудал, өссөн төрсөн орчин гээд бүх зүйл өөр байдаг тул тухайн хүнээсээ шалтгаалан дүгнэдэг.

-Өдөрлөгийн үеэр ямар арга хэмжээ явуулах талаар тодруулъя?

-“Урлагийн сэтгэл засал судлалын төв” ТББ-аас энэ жил ахмадуудынхаа сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарах, чанартай насжилтын талаар мэдээлэл өгөх энэхүү хөтөлбөрийг тогтмол тасралтгүй хэрэгжүүлэхээр зорьж байна. Эхний үйл ажиллагаа нь энэ сарын 25-ны өдөр “Hello, My Inner Child” нэртэйгээр зохион байгуулагдах юм.

Энэ үеэр 55-аас дээш насныхны сэтгэл зүйн онцлог, хэрхэн чанартай, аз жаргалтай наслах талаар мэдээлэл авахаас гадна дүрслэх урлагийн аргуудаас ашиглан мэдрэмжүүдийнхээ талаар ярилцана. 

 

-Хөтөлбөрийн нэр их сонирхолтой санагдаж байна. Яагаад “Hello, my inner child” гэж нэрлэх болов?

-Хүн бүхний дотор бяцхан хүүхэд байдаг гэж ярьдаг шүү дээ. Нас ахих тусам бид энэхүү хүүхдээ сонсож мэдрэхээ больдог, түүний юу хүсдэг, юунд баярладаг гэх зэргийг анзаардаггүй. Тэгвэл энэхүү хүүхдээ мэдэрч байх нь бидний сэтгэл зүйн эрүүл мэндэд чухал нөлөөтэй талаар их яригдах болсон. Тийм учраас бид ахмад настнууддаа зориулсан хөтөлбөртөө дээрх нэрийг өгсөн юм.

Ахмад настнууддаа дотоод хүүхэдтэйгээ илүү дотно танилцах, сонсож, мэдрэх, өөрөөр хэлбэл түүнийгээ баярлуулах боломжийг олгож байгаа юм.

-Гарах үр дүнг хэрхэн төсөөлж байна вэ?

-Монголчууд бидний урлагийн талаарх мэдлэг болоод ахмад настнуудын талаар тогтсон хандлага, үзэл баримтлал нь энэхүү арга хэмжээнд хэрхэн нөлөөлөхийг урьдчилан хэлж мэдэхгүй байна.

Гадны улс орнуудад хэрэгждэг иймэрхүү арга хэмжээний үр дүн маш өндөр байдаг. Манайд ч мөн тийм байгаасай гэж хүсэж байна.