Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

Японы хиймэл дагуул хамгийн нам өндөртэй тойрог замд ажиллаж дээд амжилт тогтоожээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Японы сансар судлалын агентлаг JAXA-гийн хиймэл дагуул хамгийн нам өндрийн тойрог замд ажиллаж, дэлхийн дээд амжилт тогтоосныг Гиннесийн ном бүртгэжээ.

Цубамэ хиймэл дагуул газрын гадаргаас ердөө 167.4 км өндөрт амжилттай ажиллаж чадсан юм байна. Өмнөх дээд амжилтыг Европын хиймэл дагуул 224 км өндрөөр эзэмшиж байжээ.

Хиймэл дагуулууд ерөнхийдөө 600-800 км өндөртэй тойрог замд ажилладаг. 300 км-аас нам тойрог замыг “хэт нам өндөр” гэж нэрлэдэг бөгөөд сайн тал нь ийм өндрөөс буулгасан зураг маш өндөр нарийвчлалтай байдаг.

Харин нам өндөрт агаарын эсэргүүцэл ердийнхөөс 1,000 дахин нэмэгддэг тул эрчим хүч их зарцуулах хэрэгтэй болж, хиймэл дагуулууд удаан ажиллаж чаддаггүй байна.

Нэг метр өндөр, 5 метр өргөн, 2.5 метр урттай Цубамэ хиймэл дагуул 2017 оны сүүлээр дэлхийгээс хөөрсөн бөгөөд 2019 оны дөрөвдүгээр сард доошилж, 270 км өндөртэй тойрог замд шилжжээ. Эндээс аажим аажмаар өндрөө хассаар есдүгээр сарын 23-нд 167.4 км өндөрт хүрсэн байна.

Ийм нам өндөрт долоо хоног ажилласны дараа аравдугаар сарын 1-нд Цубамэ дэлхийн агаар мандалд орж, шатсан ажээ.

Нам өндөрт ийм удаан хугацаагаар ажиллахад ион хөдөлгүүрийн шинэ технологи гол үүрэг гүйцэтгэжээ. Өмнө нь Хаяабуса 2 хөлөгт туршиж байсан ион хөдөлгүүр нь нэг зоосыг хөдөлгөх хэмжээний эрчим хүч гаргадаг ч ашигт ажиллагааны түвшин нь энгийн дотоод шаталтын хөдөлгүүрээс хол илүү байдаг гэнэ.

 

Эх сурвалж: Asahi Shimbun