Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

"МХЕГ, БОАЖЯ дүгнэлтээ оруулаад ирвэл "Эко Алтан Заамар"-ын зөвшөөрлийг цуцлахад бэлэн"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 1 сарын 21
iKon.MN
 
гэрэл зургийг MPA.mn

"Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурлын үеэр УУХҮЯ-наас хэд хэдэн асуудлын талаар ярьсан.

Үүний дотор Салхитын мөнгөний орд, "Эко-Алтан Заамар, алтны бодлоготой холбоотой цаг үеийн асуудлууд багтсан юм. 

- Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил ямар шатанд явж байна вэ?

 
гэрэл зургийг MPA.mn

“Эрдэнэс Монгол” компанийн захирал П.Ганхүү: Иргэдийн тэтгэврийн зээлийг нэг удаа төрөөс төлөхтэй холбоотой хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар "Эрдэнэс Монгол", "Эрдэнэс Ресурс" компани болон бусад холбогдох газрууд хамтран ажиллаж байна. Цагаан сараас өмнө гол асуудлууд эцэслэгдэн шийдэгдэх байх. Салхитын мөнгөний ордын ирээдүйд олох орлогыг барьцаалж, бонд босгох гэдэг нь “Эрдэнэс Монгол” компанийн бонд гэдгийг ойлгох хэрэгтэй.

 Нөгөө талаар Салхитын мөнгөний ордны нөөц, борлуулалтын орлого, ирээдүйд олох ашгийн төсөөлөлтэй холбоотой нэлээд маргаанууд явж байгааг та бүхэн мэднэ. Бид одоогийн байдлаар батлагдсан ТЭЗҮ-ийн тоонуудаа шинэчлээд явж байна. Тус ордын ашиглалтын лицензтэй 2,800 га талбай байдаг. Цаашид хайгуулаа яаралтай хийж, нөөцөө үүсгэж, баяжуулалтын хэмжээгээ нэмэгдүүлэх тооцоотой байна.

- "Эко-Алтан Заамар"-ын асуудалд яамны зүгээс хэрхэн хандаж байгаа вэ?

 
гэрэл зургийг MPA.mn

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын тогтоол гарсан. Хууль бус үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийг бүгдийг нь зогсоож, тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох асуудлуудыг хэлсэн.

Бид байцаагч гаргаад өгөөч гэхээр өгдөггүй. Жил болгон "Эко Алтан Заамар" эрдэнэт хүний амь насаар туг тахиад байх уу. МХЕГ энэ асуудал дээр анхаарлаа хандуулаад, БОАЖЯ-ны дүгнэлттэй нь хамт оруулаад ирвэл "Эко Алтан Заамар"-ын тусгай зөвшөөрлийг цуцлахад бэлэн байна. Жил болгон гурав, дөрвөн хүний амь нас авдаг яадаг уурхай вэ. Тийм зүйл гэж байхгүй. Бид нар шууд цуцалчихаар шүүхдээд, үндэслэлгүй цуцаллаа гээд байдаг. Тэгээд сүүлдээ бүх буруугаа уул уурхайн яам руу чихээд байж болохгүй.

- Алтны нийлүүлэлт өнгөрсөн онд 30 орчим хувиар буурсан. Яагаад алтны бодлогыг эргэн харахгүй байгаа юм бэ?

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: Алтны АМНАТ-ыг 2.5 хувиар нь дахиад таван жил сунгаад өгөөч гэж салбарын сайдын хувьд мөн ч их удаа УИХ-ын гишүүдээс гуйсан. Хамгийн багадаа 30 хувь алдана гэсэн яг алдсан. Одоо 16.25 тонн алт л байна. Уг нь өнгөрсөн жил бид 21 хувиас дээшээ явж байсан.

Иймэрхүү популист маягийн шийдвэр эдийн засагт ийм хор уршигтай байдаг юм. Алт татвартаа биш, тушаалт буюу хэмжээндээ байдаг. 16 тонн алт гэдэг чинь 300 гаруй сая ам.долларыг алдаж байна гэсэн үг. Тэгсэн хэр нь үүн дээр хэн ч хариуцлага хүлээдэггүй. Эргээд уул уурхайн яам буруутай юм шиг ярьдаг.

Алтны салбарын бодлого алдагдаж, 30 хувийн алдагдалтай явж байгаа. 2020 онд 2018 оны алт тушаалтын хэмжээнд барьж ажиллахыг хичээнэ. Дээрээс нь алт цэвэршүүлэх үйлдвэр Монгол Улсад зайлшгүй хэрэгтэй байна.