Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

СӨХ-ны ажилтай танилцан, оршин суугчидтай ярилцаж байж Орон сууцны тухай хуулийг УИХ-аар хэлэлцэх санал гаргалаа

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Орон сууцны тухай хууль 1999 онд батлагдаж байв. Одоогийн байдлаар сууц өмчлөгчдийн 1,064 холбоо, мэргэжлийн 130 байгууллага ажиллаж байгаа юм. 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт 2018 онд 1,850 гомдол ирсний хамгийн их буюу 31.6 хувийг барилга, орон сууц өмчлөгчдийн холбоонд хамаарах асуудал эзэлж байжээ. Үүний зэрэгцээ дээрх хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа тул орон сууц ашиглалтын асуудлыг шийдвэрлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгохын тулд 20 жилийн дараа шинэчилсэн найруулгыг нэр бүхий гишүүд боловсруулан УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр болоод буй. 

Хэрэв хууль батлагдвал Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох юм. 

Үүнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн сууц өмчлөгчдийн 341 холбооны төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийв. 

Сууц өмчлөгчдийн холбооны захирлууд Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахаас урьтаар УИХ-ын холбогдох байнгын хорооны гишүүдийг мэргэжлийн байгууллага гэгдээд буй контор, СӨХ-ны ажилтай танилцан, оршин суугчидтай уулзаж ярилцсаны дараа чуулганаар хэлэлцэх санал гаргаж байгаа аж. 

Баянзүрх дүүргийн 16-р хороон дахь Өлгий СӨХ-ны дарга н.Батцэрэн “Орон сууцны ашиглалтыг конторууд хариуцдаг байсан 1990-ээд оны үед байрнуудын дээврээс дусаал гоождог, орц, гадаах орчин бохир зэрэг дүр зураг нийтлэг байв. Харин оршин суугчид нэгдэн сууц өмчлөгчдийн холбоогоо байгуулж, арчилж, тордсоны үр дүнд иргэд цэвэр орчинд амьдарч байгаа. Хэрэв СӨХ-ны эрх зүйн байдлын тухай хуулийг хүчингүй болгож, СӨХ-г татан буулгавал оршин суугчид хамгийн ихээр хохирно” гэлээ. 

Түүнчлэн 2003 онд батлагдсан Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг хүчингүй болгохыг эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлэв.

Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгад Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг ийн тусгажээ. 

 

Хуулийн төсөл батлагдвал 2020 оны долдугаар сарын 1-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх аж.