Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

Өрхийн эмнэлгийн нэг иргэнд ногдох тусламж үйлчилгээний зардлыг 30,000 төгрөг болгон нэмэгдүүлжээ

А.Намуун, iKon.mn
2020 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний санхүүжилтийн шинэчилсэн журмыг өнөөдөр танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газар эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэх, хүн амд тусламж, үйлчилгээг хүртээмжтэй, чанартай үзүүлэхэд анхаарал хандуулан тодорхой арга хэмжээг авсан байна.

Тодруулбал, Эрүүл мэндийн анхан шатлалын тусламж, үйлчилгээний санхүүжилт, нэг иргэнээр тооцсон тарифыг бодит өртөгтэй уялдуулан шинэчилж, өрхийн эрүүл мэндийн төвийн нэг иргэнээр тооцсон төлбөрийн хэмжээг 15,000 төгрөг байсныг 2020 онд 30,000 төгрөг болгожээ.

Ийнхүү нийт 26.7 тэрбум төгрөг нэмж зарцуулах болсноор өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилт 2017 онтой харьцуулахад 2 дахин, 2019 онтой харьцуулахад 75.8 хувиар нэмэгдсэн байна. Энэхүү тарифын нэмэгдэл нь тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэгдэж байгаа аж.

Мөн сум, өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилтийг 2018 оноос өмнө улсын төсвөөс бүрэн хариуцдаг байсныг өөрчилж, эрүүл мэндийн даатгалын сангаас зарим тусламж, үйлчилгээг санхүүжүүлдэг боллоо.

 
Гэрэл зургийг Mpa.mn

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг үе шаттай нэмэгдүүлэх заалт орсон нь бий.

2016 оны байдлаар Эрүүл мэндийн салбарын санхүүжилт дотоодын нийт бүтээгдэхүүний 2.4 хувийг эзэлж байсан бол өнөөдөр 3.12  хувь болж нэмэгдлээ.

Мөн Өрхийн эрүүл мэндийн төвийн нэг хүнд оногдох тарифыг хоёр дахин нэмэгдүүлэх шийдвэрийг УИХ төсөв хэлэлцэхдээ гаргасан. Ингэснээр иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ өмнөхөөсөө хоёр дахин нэмэгдэх боломж бүрдсэн гэж үзэж байна.

Мөн энэ жил Сангийн яам, Эрүүл мэндийн яамны хамтран хэрэгжүүлсэн нэг том ажил нь хувийн хэвшлийн эмнэлгүүдэд Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих боломжийг олгосон явдал юм.

Тухайлбал, хэвтэн эмчлүүлэхэд төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллага 300 мянган төгрөгийн санхүүжилт авдаг байсан бол хувийн эмнэлгүүд 175 мянган санхүүжилт авдаг байсан.

Харин өнөөдөр төрийн болон хувийн өмчийн эрүүл мэндийн байгууллагууд ялгаваргүйгээр ижил санхүүжилттэй болсон. Ингэснээр иргэд маань зөвхөн төрийн өмчийн эмнэлгүүд рүү гүйлгүй, хувийн эмнэлгүүдээс ч тусламж үйлчилгээ аваад өөрийн төлсөн эрүүл мэндийн даатгалынхаа шимтгэлийг хүртэх боломжийг бүрдүүлж байна" гэсэн юм.

“Өнгөрсөн жил манай өрхийн эрүүл мэндийн төвийн төсөв 132 сая төгрөгийн төсөвтэй байсан бол энэ жил нийт 244 сая төгрөг болсон. Санхүүжилт ингэж нэмэгдсэнээр Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа сайжирч иргэдэд  үзүүлэх үйлчилгээний хүртээмж нэмэгдсэн.

Тухайлбал, Манай эмнэлэг нийт 8,800 хүнд хүрч ажилладаг. Гэвч санхүүжилтдээ баригдаад дөрөвхөн эмч ажилладаг байсан бол энэ жил таван эмч болгон орон тоогоо нэмсэн. Энэ нь урьд нь нэг эмч 2,500-2,800 хүнд үйлчилдэг байсан бол энэ жилээс 1,800-2,000 хүнд үйлчлэхээр болсон гэсэн үг" гэж Баян-Өлгий аймгийн “Жансаяа” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга хэлэв.

 
Гэрэл зургийг Mpa.mn

Сонгинохайрхан дүүргийн "Энх-Элбэрэл" өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Ч.Өнөрсайхан "Өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилт 2012 оноос хойш нэг ч төгрөгөөр нэмэгдээгүй байсан. Өрхийн эрүүл мэндийн төвийн статус нь өөрөө хувийн хэвшлийн компани хэлбэрээр явагддаг учраас санхүүжилт, нэг хүнд үзүүлэх зардал хүрэхгүй байна гэдэг байсан. Харин энэ жилээс хоёр дахин нэмэгдсэн. 

Ингэснээр Засгийн газрын тогтоолын дагуу ажилтнуудынхаа цалин хөлсийг төсвийн байгууллагад ажиллаж буй ажилчидтай ижил хэмжээнд олгогдох бүрэн боломжтой болсон.

Түүнчлэн бидэнд нэг боломж байгаа нь өөрсдөө магадлан итгэмжлэлд хамрагдаад Эрүүл мэндийн даатгалаас нэмэгдэл санхүүжилт авбал иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээг ойртуулах боломж бий" гэв.

Тусламж, үйлчилгээний тарифыг тооцоо судалгаанд үндэслэн бодит өртөгтэй нийцүүлэн, 2018 оныхоос дунджаар 2.3 дахин нэмэгдүүлсэн. 

Тухайлбал, сэргээн засах тусламж, үйлчилгээ 20,000 байсныг 45,000, өдрийн эмчилгээ 30,000 байсныг 70,000, гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээ 25,000 байсныг 50,000-70,000 төгрөг болгож тус тус өсгөжээ.

Сүүлийн жилүүдэд Эрүүл мэндийн салбарын нийт санхүүжилт эрс нэмэгдэж, 2017 онд 694.7 тэрбум төгрөг байсан бол 2020 онд 964.6 тэрбум болж, 38 хувиар өссөн байна.

Гэрэл зургийг Mpa.mn