Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын тэнгисийн хөлөг анх удаа Африк-Америк цэргийн нэрээр нэрлэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын тэнгисийн флот өчигдөр шинэ нисэх онгоц тээвэрлэгч хөлөгтөө дэлхийн хоёрдугаар дайны үед баатарлаг гавьяа байгуулсан Африк гаралтай Америк усан цэргийн нэрийг өгсөн байна. Энэ нь тус улсын зэвсэгт хүчний түүхэнд анхны тохиолдол юм.

Хөлөг онгоцонд нэрийг нь өгсөн Дорис Миллер 1941 онд Перл Харборын тулаанд оролцож байжээ. Миллер USS West Virginia хөлөг онгоцны агаарын довтолгооныг эсэргүүцэх зэвсгээр Японы нисэх онгоцнууд руу гал нээн тулалдаж байсан гэдэг.

Хэдийгээр тэр уг зэвсгийг хэрхэн ашиглах талаар хангалттай мэдлэггүй байсан ч эцсийн сумаа дуустал тулалдсаны дараа өгсөн тушаалын дагуу хөлгөө орхин явж байжээ. Миллер Японы нэг нисэх онгоцыг сөнөөсөн гэж үздэг.

Перл Харборын тулааны дараа Миллер АНУ-ын тэнгисийн цэргийн хамгийн дээд шагнал болох Тэнгисийн Загалмай одонг хүртэж, ийм шагнал хүртсэн анхны Африк гаралтай Америк цэрэг болж байжээ.

Алба хааж байсан хөлгийг нь 1943 оны арваннэгдүгээр сард Японы тэнгисийн мина дэлбэлсний улмаас Миллер амь үрэгдсэн байна.

Жил орчим хугацаанд сураггүй болсонд тооцож байгаад 1944 онд түүнийг амь үрэгдсэн гэж үзжээ.

Одоо АНУ-ын тэнгисийн флотод нийт 11 нисэх онгоц тээвэрлэгч хөлөг ашиглагдаж байна. Хамгийн сүүлд 2017 онд USS Gerald Ford хөлгийг зэвсэглэлд нэмсэн бөгөөд АНУ-ын тэнгисийн флотын түүхэнд хамгийн өндөр өртгөөр бүтсэн байлдааны хөлөг болжээ.

 

Эх сурвалж: CNN