2020/02/27
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,760.89₮
B30
УЛААНБААТАР
-7°
|
-15°
B30
УЛААНБААТАР
-5°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-7°
|
-16°
19:00
S29
-12°
20:00
S29
-14°
21:00
S29
-15°
22:00
S31
-16°
23:00
S31
-17°
00:00
S31
-17°
01:00
S31
-18°
02:00
S31
-18°
03:00
S31
-19°
04:00
S31
-19°
05:00
S31
-19°
06:00
S31
-20°

Д.Мөнх-Эрдэнэ: Төрөөс хулгай хийчихээд хууль батлуулан ялаас мултарч байгаа нөхдүүдэд хатуу шийтгэл ногдуулах ёстой

Б.Номин-Эрдэнэ, Өдрийн сонин
2020 оны 1 сарын 21
Өдрийн сонин

Хуульч Д.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.

-Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хөөн хэлэлцэх хугацааг дахин тоолохоор болж байна. Энэ хэр зөв шийдэл гэж та харж байна?

-Хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон үндэслэлээр хэрэгсэхгүй болсон авлига, албан тушаалын гэмт хэргүүдийг сэргээн шалгах зорилгоор УИХ-аас Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулсан байна.

Уг хуулийн өөрчлөлтийн талаар хуульчид, улстөрчид янз бүрийн байр суурьтай байх шиг байна. Хэдийгээр Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй байхаар зохицуулсан боловч би хувьдаа уг өөрчлөлтийг дэмжиж байгаа.

Учир нь анхнаасаа гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт оруулж, авлига, албан тушаалын олон зуун гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох ажлыг 2017 онд тодорхой нөхдүүд санаатай зохион байгуулсан байж болзошгүй гэж үзэж байгаа учраас. Үүнийг ард түмний эрх зүйн байдлыг дордуулж, авлигачдын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн явдал гэж хэлж болно.

Нөгөө талаас, авлига, албан тушаалын гэмт хэргүүд хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон үндэслэлээр хэрэгсэхгүй болж эхэлсэн цагаас Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагаанд баримтлах "шударга ёс, тэгш байдал"-ын зарчмууд болон Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх”, Эрүүгийн хуульд заасан “шударга ёс”-ны зарчмууд зөрчигдөж эхэлсэн.

Хулгай, залилан үйлдсэн нөхдүүдийн хэргийг хуулийн хугацаанд багтаан яс мөрдөж шүүхээр оруулан ял шийтгэдэг бол авлига, албан тушаалын хэргүүдийг яадаг билээ.

Хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгах гэсэн мэт нэг бол мөрдөн байцаалтын шатанд усанд хаясан чулуу мэт алга болно, эсхүл шүүхийн шатанд буцаасаар хэрэгсэхгүй болгоно.

Ер нь тэгээд 20, 30 жилийн өмнө бус 4, 5-хан жилийн өмнө үйлдэгдсэн авлига, албан тушаалын гэмт хэргүүдийг хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон үндэслэлээр ял шийтгэлээс чөлөөлөөд байвал хэн Монголын төр, хуульд итгэх вэ.

Шударга ёсны зарчим хаана байна. ФАТФ байгууллагаас Монголыг авлигачидтайгаа, мөнгө угаах гэмт хэрэгтэй хангалттай тэмцэхгүй байна гэж үзэж саарал жагсаалтад оруулсан. Энэ хэвээрээ бол мөд хар жагсаалтад оруулах биз. Цагтаа нацист Германд хууль батлах замаар хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчиж, иргэдийн өмчийг нь хурааж, их хядлага явуулж байсан.

Тийм учраас олон улс оронд шударга бус төр, дэглэмийн эсрэг бослого гаргаж, зэвсэгт тэмцэл өрнүүлэх эрхийг Үндсэн хуулиараа ард түмэнд олгосон байдгийг санах хэрэгтэй. Төрөөс, ард түмнээс хулгай хийчихээд хулгайгаа хулгай биш гэсэн хууль батлуулан ял шийтгэлээс мултарч байгаа нөхдүүдийн хэргийг хэрэгсэхгүй болгох биш, хамгийн хатуу ял шийтгэл ногдуулах ёстой.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцэд авлига нь нийгмийн тогтвортой байдалд аюул занал учруулж, ардчилсан тогтолцоо, ёс зүй, шударга ёсыг доройтуулан сулруулж байна гэж дүгнэсэн байдаг.

-Энэхүү хууль батлагдсанаар шүүхийн шатанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээн шалгах, мөн 2017 оны долдугаар сарын 01-нээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд прокурорын шатанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээн шалгах, мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацааг зогсоож сэргээн шалгахаар болж байгаа...

-Хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлээр прокурор, шүүхийн шатанд хэрэгсэхгүй болсон бүх авлига, албан тушаалын гэмт хэргүүдийг сэргээн шалгах нь зөв. Ингэж шударга ёсыг тогтооно. Гэмт хэрэгтнүүдэд гэсгээл ногдуулах ёстой биз дээ.

Хуулийг хэрэглэхдээ гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн зарчмаас гадна түүнээс илүү чухал ач холбогдолтой шударга ёсны болон тэгш эрхийн зарчмуудыг заавал анхаарч үзэх ёстой.

Хэрэв Улсын Их Хурал саяны нэмэлт, өөрчлөлтийг батлаагүй бол хөөн хэлэлцэх хугацаагаар авлигачдын хэргийг хэрэгсэхгүй болгосон 2017 оны тавдугаар сарын 16-ны өдрийн хуулийг Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагаанд баримтлах үндсэн зарчмуудыг зөрчсөн үндэслэлээр Үндсэн хуулийн Цэцэд өгөх боломжтой байсан.

-Авлигын хэрэгт холбогдож, улсад их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон улс төрийн өндөр албан тушаалтнууд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэг нь хаагдсан. Эдгээр хүмүүсийг дахин шалгахад хүндрэл үүсэх үү?

-Шинээр баталсан хууль өмнөх харилцаанд яаж үйлчлэх вэ гэдэг асуудал яригдана. УИХ-аас саяны Эрүүгийн хуулийн өөрчлөлттэй хамт уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлаад энэ асуудлыг зохицуулах гэж оролдож байгаа юм байна.

Шударга ёс тогтоох талаасаа зарчим нь зөв тул шийдвэрлэж болох асуудал гэж бодож байна. Ер нь ялын бодлогод өөрчлөлт орж тодорхой гэмт хэрэгт ногдуулах ялын хэмжээг нэмэгдүүлсэн, бууруулсан, ногдуулах ялын төрөл өөрчлөгдсөн, эсхүл тодорхой үйлдэл, эс үйлдлийг гэмт хэрэгт шинээр тооцсон, гэмт хэрэг гэж үзэхгүй эрүүгийн хуулиас хассан тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан, дээрдүүлсэн тухай ярьж болно.

Түүнээс бус хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт оруулах замаар авлигачдын хэргийг хэрэгсэхгүй болгосон явдал нь нарийн яривал зохион байгуулалттай гэмт хэрэг шиг зүйл болчихоод байгаа юм.

-2017 онд Эрүүгийн хуулиас албан тушаалын байдлаараа нөлөөлөх гэсэн зүйл ангийг шийдвэр гаргагчид хассанаас болж ЖДҮ-ийн хэрэг шийдвэрлэхэд хүндрэлтэй гэгддэг. ЖДҮХС-гаас албан тушаалаа ашиглаж зээл авсан тал дээр Эрүүгийн хууль үйлчлэх үү?

-Үйлчилнэ. Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт авлига, албан тушаалын гэмт хэргүүдийг тодорхойлсон бөгөөд уг бүлэгт төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байгаа. ЖДҮХСан нь жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор олгодог Засгийн газрын тусгай сан улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг.

Гэтэл нэн хөнгөлөлттэй уг зээлийн сангийн хөрөнгийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан бүлэглэн авч, зориулалтын бусаар зарцуулсан бол тэдгээр этгээдийн хойноос хууль очиж, хариуцлага тооцно. Цаг хугацааны л асуудал гэж бодож байна.

Бүлэглэн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуульд гэмт хэрэгт хамтран оролцох гэж томьёолсон байдаг. Энэ ЖДҮ-гийн хэрэгт зохион байгуулагч, гүйцэтгэгч, хамжигч гээд бүгд байгаа гэж боддог.

-Эрүүгийн хуулийн суурь зарчим зөрчигдөх гэж байна гэж үзэх хэсэг байна...

-Энэ асуудлыг тал талын өнцгөөс бүрэн харах нь зөв болов уу. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй байх Эрүүгийн хуулийн зарчим зөрчигдөх гэж байгаа талаар болгоомжилж буй хуульчдын буруу биш.

Гэхдээ бид үүнээс гадна шударга ёсны зарчим байгааг мартаж болохгүй. Мөн хэрэв авлигачид rap хөлөөрөө дамжуулан өөрсдийн үйлдсэн гэмт үйлдлээ эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль батлуулсан бол яах вэ гэдгийг бодох ёстой. Тэд энэ янзаараа бол мөд авлига бол гэмт хэрэг биш гэсэн хууль батлуулж ч мэдэхээр хүчтэй, бяртай, нөлөөтэй байна.

Монголчууд бидний хувьд тун ноцтой асуудал үүсгэсэн авлига, албан тушаалын хэргүүдийг мөрдөн шалгаж тогтоогоод хэрэгсэхгүй болгож байгаа нь хамгийн санаа зовох том асуудал шүү дээ.

-Таны дээр хэлсэнчлэн хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгах зорилгоор нэг бол мөрдөн байцаалтын шатанд усанд хаясан чулуу мэт алга болно, эсхүл шүүхийн шатанд буцаасаар хэрэгсэхгүй болгож байна гэдэгтэй санал нэг хүмүүс ч байна. Манайд хөөн хэлэлцэх хугацаа ямар байх ёстой юм бэ?

-Улс орнууд янз бүрээр зохицуулсан. Хөөн хэлэлцэх хугацаа тоолдог улсуудын хувьд нийтлэг нэг зүйл нь онц ноцтой гэмт хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацаа тоолдоггүй явдал. Бидний хувьд маш том аюул болсон авлига, албан тушаалын гэмт хэрэгт цаашдаа хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй байх нь зөв гэж бодож байна.

Авлигад автсан түшмэдүүд улс орноо мөхөөсөн жишээ хүн төрөлхтний түүхэнд олон бий. Энэ гэмт хэргийг ихэвчлэн эрх мэдэлтэй хүмүүс үйлдэж байгаа учраас илрүүлэхэд хүнд байдгаас гадна энэ төрлийн гэмт хэрэгт цаг хугацаа их ордог.

Эрх мэдэлтэй, мөнгөтэй нөхдүүд зохион байгуулалттай бүлэглэн үйлддэг, олон бэрхшээл саад давж, их цаг хугацаа, хүч хэрэгсэл зарцуулж илрүүлдэг авлига, албан тушаалын гэмт хэргүүд үндэсний аюулгүй байдалд аюул учруулж байгаа тул цаашид энэ төрлийн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй байх нь зүйтэй гэж бодож байна.

-Хөөн хэлэлцэх хугацааг дахин тоолсноор ямар дэвшил гарах вэ. Амьдрал дээр биеллээ олж чадах эсэх нь эргэлзээтэй гэх зүйлс яригдаж байна. Учир нь эдгээр авлига албан тушаалын гэмт хэргийг томоохон эрх мэдэлтэй хүмүүс үйлддэг...

-Нийгэм шударга ёс тогтооход дэвшил гарч, дараа дараагийн хүмүүст сургамж болно. Бас гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгана. Энэ хүрээнд АТГ, прокурор, шүүх ажиллаад хуулийн хүрээнд арга хэмжээ авна гэж бодож байна. Нийгэмд, ард түмний дунд хамгийн их хүсэж байгаа зүйл шүү дээ. Авлига албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгэл ногдуулсан тохиолдол манайд маш цөөхөн байна.

x