Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

“Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн нээлтийг энэ сарын 20-30-нд зохион байгуулна

ikon.mn
2020 оны 1 сарын 16
iKon.MN

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтод жил болгон зарласантай холбоотойгоор авч хэрэгжүүлэх зарим ажлыг нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцууллаа.

 

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, хотын стандарт, норм, дүрэм, журам, хэм хэмжээг мөрдүүлж, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын захирамжаар 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласан.

Энэ хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл боловсруулахыг нийслэлийн нутгийн захиргааны 36 байгууллагад албан бичгээр хүргүүлжээ.

Энэ сарын 16-ны өдрийн байдлаар бүх байгууллагаас саналаа ирүүлсэн бөгөөд төлөвлөгөөний төслийг нэгтгэж байгаа юм байна.

“Нэг хот-Нэг стандарт” болзолт уралдааныг зохион байгуулахтай холбоотойгоор manaikhoroo.mn цахим системийн ашиглалт, үйл ажиллагааг нэвтрүүлэх, мэдээллийн санг нэмэгдүүлэхээр нэгдүгээр сарын 16-21-ний өдрүүдэд дүүргүүдийн 173 хорооны зохион байгуулагчдад “Хорооны газар зүйн суурь мэдээллийн сан үүсгэх” сургалтыг зохион байгуулж буй аж.

Түүнчлэн нэгдүгээр сарын 20-30-ны өдрүүдэд зорилтот жилийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар тэрбээр танилцуулав.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс