Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

"ХЭҮК-ын гишүүний орон тоог нэмж, шаардлага, зөвлөмжийг нь биелүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцдог болно"

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Монгол Улсын Засгийн газраас Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрсөн оны аравдугаар сарын 8-нд УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх гэж байна. Засгийн газраас боловсруулсан хуулийн төсөлд ХЭҮК-ын орон тоо, төсвийг нэмэх тухай асуудлыг тусгаснаас гадна тус байгууллагаас гаргасан зөвлөмжийг биелүүлээгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэх зэрэг өөрчлөлтүүдийг оруулжээ. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Хуулийн бодлогын газрын дарга П.Сайнзоригоос тодрууллаа. 

-Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг шинэчлэн шаардлага юу байв?

-Энэ хууль хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн. Уг хуулийн хэрэгжилтийн үр дагаварын үнэлгээг хийлгэсэн юм. Өөрөөр хэлбэл, цаашид хуулийг ямар байдлаар сайжруулах вэ гэдгийг судалсан. Үүний дүнд ХЭҮК-ын үйл ажиллагааг үргэлжлүүлэхэд төсөв санхүүгийн хүндрэл байна. Мөн комиссын гишүүдийн гаргасан шийдвэрийг төрийн байгууллага, хувийн хэвшил, албан тушаалтан биелүүлэхгүй тохиолдолд яах вэ гэдэг нь тодорхойгүй, хариуцлагын механизмгүй байна гэж үзсэн.

Нөгөөтэйгүүр Монгол Улс НҮБ-ын гишүүн орон. Энэ хүрээнд нэгдэн орсон гэрээ, концвенцын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Монгол Улс Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцэд нэгдэн орж, эрүүдэн шүүхийн эсрэг үндэсний менанизмыг бий болгоно гэдэг үүргийг хүлээсэн. 

Энэ үүргийг хэрэгжүүлэх үүднээс Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг Засгийн газрын зүгээс шинэчлэн боловсруулсан. 

-Шинэчлэн боловсруулсан хуулийн төсөлд ямар өөрчлөлтүүдийг тусгасан бэ? 

-ХЭҮК-т төсөв мөнгөний хүрэлцээгүй байдал бий. Энэ нь тус байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүргээд байна. Тиймээс хуулийн төсөлд ХЭҮК-ын төсвийн саналыг Хууль зүйн байнгын хороо Сангийн яаманд хүргүүлэхээр тусгасан. Ингэснээс ХЭҮК-ын бие даан ажиллах нөхцлийг бүрдүүлнэ гэж үзсэн. 

Мөн ХЭҮК-ын гишүүн хүний эрхийн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг шалгах явцдаа төрийн байгууллага, албан тушаалтанд зөвлөмж, шаардлага хүргүүлдэг. Хууль зөрчсөн бол шаардлага, зөрчиж болзошгүй үед нь зөвлөмж хүргүүлдэг зохицуулалттай. Одоогийн хуульд ХЭҮК-оос гаргасан зөвлөмж, шаардлагыг биелүүлэхгүй бол яах вэ гэдэг нь тодорхой. 

Харин шинэчлэн боловсруулсан хуулийн төслөөр ХЭҮК-ын зөвлөмж, шаардлагыг биелүүлээгүй албан тушаалтанд сахилгын хариуцлага хүлээлгэнэ. Комиссын гишүүний тавьсан шаардлага, зөвлөмжийг биелүүлээгүй бол огцруулах, халах хүртэлх сахилгын арга хэмжээ авна. Түүнчлэн шаардлага, зөвлөмжийг аж ахуйн нэгж биелүүлэхгүй байх юм бол үйл ажиллагаа явуулах эрхийг нь түдгэлзүүлэх, тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох зэрэг арга хэмжээ авах тухай тусгасан.

Ерөнхийдөө Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллага хүний эрхийг зөрчихгүй байхад чиглэсэн нөхцөл бүрдэж байна. 

-ХЭҮК-ын гишүүний орон тоог нэмэгдүүлэх асуудлыг тусгасан гэсэн. Энэ талаар?

-ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалт хаалттай байна гэдэг шүүмжлэл бий. Тиймээс комиссын гишүүний сонгон шалгаруулалтыг нээлттэй явуулах эрх зүйн орчныг бий болгохыг зорьсон.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, хамгийн өндөр оноо авсан этгээдийг комиссын гишүүн гарсан орон тоогоор санал болгоод, УИХ-аас томилно гэдэг өөрчлөлтийг оруулсан

Мөн ХЭҮК-ын гишүүний орон тоо гурав байсныг тав болгох заалтыг оруулсан. Үүнтэй холбоотойгоор жендерийн харилцааг авч үзэн, ХЭҮК-ын гишүүдийн 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийн гишүүн байна гэж заасан. Өөрөөр хэлбэл, таван гишүүний хоёр нь аль нэг хүйсийн хүн байна гэсэн үг. 

-Төсвийн тухайд хэр хэмжээгээр нэмэгдэж байгаа вэ?

-Энэ бол тооны асуудал биш.Төсөв нь Засгийн газраас хэт хараат байсныг арилгаж, УИХ-ын Хууль зүйн байгын хороон дээр төсвөө танилцуулаад, энд хянагдаж баталгаажуулсан төсөв нь холбогдох нь хууль журмын дагуу Засгийн газарт хүргэгдэн тухайн жилийн төсөв батлагдах үеэр нэгтгэгдэх юм.