Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгийн бизнес эрхлэгчид Амазон компанийн эсрэг жагсаж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Онлайн худалдааны Амазон компанийн гүйцэтгэх захирал, дэлхийн хамгийн баян хүн Жэф Безос энэ өдрүүдэд Энэтхэг улсад зочилж байгаа юм.

Тэрээр хүн амын тоогоор дэлхийд хоёрдугаарт ордог Энэтхэгийн зах зээлд бизнесээ өргөжүүлэх сонирхолтой байгаа. Өчигдөр Безос жижиг, дунд бизнесүүдийг дижиталчлахад зориулж, тус улсад $1 тэрбумын хөрөнгө оруулахаа зарласан юм.

Энэ үеэр тэрбумтан “Америк-Энэтхэгийн хамтын ажиллагаа бол 21 дүгээр зууны хамгийн чухал хэлхээ холбоо байх болно” гэж мэдэгджээ.

Гэвч Энэтхэгийн жижиг бизнес эрхлэгчид Амазоны түрэлтийг эсэргүүцэж, Жэф Безосыг тус улсаас явах хүртэл эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар болсон байна.

Бүх Энэтхэгийн Худалдаачдын Холбооны тэргүүн Сумит Агарвал орон даяар 300 хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байгаагаа мэдэгджээ.

Тэрээр Амазон компанийг жижиг худалдаачдын алуурчин гэж нэрлээд Безосыг “эдийн засгийн террорист” гэж хочилж байна. Агарвал бас Амазон компанийг Энэтхэг болон Зүүн Өмнөд Ази, Хонг Конгийг колоничолж байсан Британийн “East India” компанитай адилтгасан юм.

Амазоныг аварга сүлжээнийхээ давуу талыг ашиглан хэт хямд үнээр бараагаа зарж, жижиг наймаачдыг дампууруулах аюултай гэж энэтхэгчүүд үзэж байгаа гэнэ.

Саяхан Энэтхэгийн шударга өрсөлдөөнийг хамгаалах газар Амазон болон Walmart-ийн эзэмшдэг Flipkart онлайн дэлгүүрт шалгалт явуулж эхэлжээ.

Тэднийг өртгөөс доогуур үнээр бараагаа зарж, бусдад өрсөлдөх боломж олгохгүй байна гэж буруутгаж байгаа гэнэ.

Амазоныг ганцхан Энэтхэгт бус, өөр улс орнуудад ч ингэж буруутгаж байгаа юм. Тухайлбал Германы засгийн газар 2018 онд ижил төстэй шалгалт явуулж эхэлсэн бол АНУ-ын холбооны засгийн газар Амазоныг шударга бусаар өрсөлдсөн эсэхийг шалгахаар өрсөлдөгчдөөс нь мэдээлэл цуглуулж эхэлжээ.

 

Эх сурвалж: Business Insider