Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Мехико хотын метроны хамгийн том асуудал зорчигчдын шээс болжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Мексикийн нийслэл Мехико хотын газар доорх метроны өртөөнүүдэд хүргэдэг урсдаг шатнууд байнга эвдэрч, зорчигчдыг бухимдуулдаг байна.

Мягмар гарагт тус хотын метроны захиргаа эвдрэлийн хамгийн түгээмэл таван шалтгааныг жагсааснаа нийтэд танилцуулжээ.

Сонирхолтой нь тэдгээрийн дотор хүний шээс багтсан байна. Зорчигчид урсдаг шатаар явж байхдаа шээснээс эд анги, механизмууд нь зэвэрч ажиллахаа больдог тухай мэргэжилтнүүд тайлбарлажээ.

Метро ашиглалт хариуцсан менежэр Фермин Рамирез “итгэхэд хэцүү” ч зорчигчид хүн багатай цагаар, эсвэл ачаалал багатай өртөөнүүдэд зорчихдоо урсдаг шатан дээр шээх үзэгдэл түгээмэл байдаг тухай хэвлэлд ярьсан байна.

Ихэнх өртөөнүүдэд нийтийн бие засах газар байдаггүй нь үүнтэй холбоотой гэж зарим хүмүүс тайлбарлажээ. Үүнээс гадна хуучирсан, эдэлгээ даахгүй болсон урсдаг шатнууд эвдрэх явдал түгээмэл гэнэ. Нийт 467 шатнаас өдөр бүр тогтмол 22 нь эвдэрдэг байна. Хотын захиргаа метроныхоо 55 урсдаг шатыг ойрын хоёр жилд шинэчлэхээр төлөвлөжээ.

Жилдээ 1.6 тэрбум зорчигч тээвэрлэдэг Мехико хотын метро нь дэлхийд наймдугаарт ордог том систем юм. Үүнээс гадна хамгийн хямд үнэтэй метронуудын нэг гэдгээрээ алдартай. 25 центийн тасалбараар тус метроны системийн 226 км урт замаар дуртай өртөөндөө хүрэх боломжтой байдаг гэнэ.

 

Эх сурвалж: Associated Press