Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Эд хөрөнгө хүний амьдралыг есөн насаар уртасгадгийг тогтоожээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг

АНУ, Их Британид 10 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн судалгааны үр дүнд баян чинээлэг амьдралтай хүмүүс өвчин эмгэг тусах нь бага байдгаас ядуу хүмүүсээс есөн насаар илүү удаан амьдардгийг эрдэмтэд тогтоожээ.

Хүн наслах тусмаа бие, эрүүл мэнд нь доройтдог бөгөөд үүнд нийгэм, эдийн засгийн ямар хүчин зүйлүүд нөлөөлдгийг судалсан юм байна.

Ингэхэд АНУ болон Их Британийн бүх насны бүлгийн иргэдийн наслалт, эрүүл мэндэд баян чинээлэг амьдрал ижил нөлөөлж байгааг тогтоожээ.

University College London сургуулийн доктор Паоло Заниноттогийн ахалсан судалгааны тайлан өчигдөр буюу Мягмар гарагт “Journal of Gerontology” сэтгүүлд нийтлэгдсэн байна.

 Британийн 50-аас дээш насны 10,754 иргэн, АНУ-ын 50-аас дээш насны 14,803 иргэнийг судалгаанд хамруулжээ. Ингэхэд хоёр орноос оролцсон хүмүүсийн хамгийн баян чинээлэг бүлгийнхэн 50 нас хүрснээсээ хойш дунджаар 31 жил нэмж насалдаг бол хамгийн ядуу бүлгийнхэн 22-23 жил нэмж насалж байсан гэнэ.

Эрх баригчид иргэдийнхээ эрүүл мэндэд жигд анхаарал тавьж чадвал урт наслах боломжоо ч ижил тэгш эдэлж болохыг энэ судалгааны үр дүн харуулжээ. 

 

Эх сурвалж: The Guardian