Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ё.Баатарбилэг сайд УДЭТ-ын уран бүтээлчдэд барилгын засварт шаардлагатай төсөв мөнгийг нь гаргаж өгнө гэв

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр УДЭТ, ДБЭТ болон Төв номын сангийн барилгын нөхцөл байдалтай өөрийн биеэр танилцлаа.

Энэ үеэр УДЭТ-ын удирдлагууд "УДЭТ-т Драмын театр, Хүүхэлдэйн театр, Үндэсний урлагийн их театрын 500 гаруй уран бүтээлч ажиллаж байгаа бөгөөд барилга галд өртөх эрсдэл 60 хувьтай, газар хөдлөлтын дөрөвдүгээр зэрэгт нурах магадлалтай гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан" талаар хэлж, нөхцөл байдлыг танилцуулсан юм.  

УДЭТ-ын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатар “Театрын барилга анх баригдахдаа үзвэрийн чиглэлээр баригдаагүй учраас том үзвэрийн танхимыг шинэчлэх шаардалагтай байна. Мөн тайзны шинэ технологийг зайлшгүй шинэчлэх шаардлага бий. Ийм л нөхцөлд бид дэлхийн сонгодог бүтээл гаргах гээд ажиллаж байна. Өнөөдөр уран бүтээлчид, үзэгчид ямар өндөр түвшинд хүрсэн билээ дээ. Гэтэл нөхцөл байдал ийм байна. Нэг ёсондоо агуулга, хэлбэрийн зөрчил болчихоод байж байна” гэв.

УДЭТ-ын жүжигчин Б.Отгонбат "Жүжигт хэрэглэгддэг хувцас хэрэглэгдэхүүнүүдийн заримыг нь дотор багтахгүй гадаа гаргаад тавьчихсан. Шаардлагатайг нь байгаа хоёр складандаа хуваагаад хийчихсэн. Тэгээд ч багтахгүй байна. Энэ өрөөнд ажиллаж байгаа хүмүүсийн хувьд байгалийн гэрэл огт үзэхгүй, дээрээс чийгтэй, тааз нь нурах магадлал өндөр байгаа" гэв.

Нөхцөл байдалтай танилцсаны дараагаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг УДЭТ-ын уран бүтээлчдэд засварт шаардлагатай төсөв мөнгийг урьдчилсан байдлаар гарган өгч, арга хэмжээг авч ажиллахаа хэлэв. 

Мөн өнгөрсөн Даваа гарагт сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийхдээ “2020 оны улсын төсөвт суусан Улсын драмын эрдмийн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр болон Төв номын сангийн шинэчлэлтэд тус бүр 2 тэрбум төгрөг суусан. Энэ мөнгөөр барилгуудыг засах, техник, тоног төхөөрөмжийг сайжруулах, сандлуудыг шинэчлэх зэрэг ажлыг хийнэ. Эдгээр барилгыг шинэчлэн барихад олон тэрбум төгрөг шаардлагатай. Тийм мөнгө байхгүй. Тиймээс засвар хийнэ. Тайван амгалан байж болно. Театруудыг нураахгүй” гэдгээ албан ёсоор хэлсэн билээ.