Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Гэрэл зурагчин Сүгияама Тэрүзо монголчуудын 36 жилийн түүхийг 223 зурагт буулгажээ

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 1 сарын 15
iKon.MN

Японы гэрэл зурагчин Сүгияама Тэрүзогийн "Улаанбаатар -1983" гэрэл зургийн номын нээлт өнөөдөр Монгол-Японы төвд боллоо.

Тэрбээр 1983 онд манай улсад ирж байсан бөгөөд тэр цагаас өнөөг хүртэлх хугацааны өөрчлөлтийг гэрэл зураг болгон үлдээснээ ийнхүү нийтэд толилуулж байна.

 
Гэрэл зургийг Mpa.mn

Сүгияама Тэрүзо "Анх 1983 оны зун Монголд ирж байлаа. Тэр үед БНМАУ нь социалист засаглалтай, нийслэл Улаанбаатар хот миний урьд өмнө үзэж байгаагүй нам гүм бөгөөд өвөрмөц өнгө төрх угтсан. Тухайн үед гэрэл зураг авахад хараа хяналт ихтэй, ялангуяа түүхэн соёлын өвүүдийн зураг авах зөвшөөрөл хаалттай байсан. Харин 1984 онд ЮНЕСКО-ийн төслийн дэмжлэгтэйгээр Монголын урлагийн нийгэмлэгийн даргатай хамтарсан соёлын өвийн зураг авалтын ажлыг эхлүүлсэн" хэмээв.

Уг зураг авалтаараа тэрбээр “Монголын соёлын өв” дөрвөн цуврал гэрэл зургийн цомог хэвлэсэн нь дэлхийд анх Монголын гэрэл зургийн томоохон бүтээл болж, өндрөөр үнэлэгдэж байжээ.

"Улаанбаатар-1983" гэрэл зургийн цомогт манай улсын соёлын үнэт өв болон социалист засаглалтай үеийн Улаанбаатар, 1992 онд социалист засаглалаас ардчилалд шилжсэн “Монгол Улс”-ын нийслэлийн өнгө төрх, монголчуудын амьдрал, уламжлал, хувцаслалт гэх мэт соёлыг 36 жилийн түүхийг гэрчилсэн 223 зураг багтсан байна.

Тэрбээр

  • “ВАСЭДА- 100 жил” гэрэл зургийн цомог  1976 он
  • “МОНГОЛ ЗУРАГ”/Монголын шашны зураг/  1987 он
  • “МОНГОЛЫН ДҮРСЛЭХ УРЛАГ” 1988 он 
  • “МОНГОЛЫН СҮМ ХИЙД БОЛОН АРХИТЕКТУР” 1990 он
  • “МОНГОЛ УРАН БАРИМАЛ” /Монголын цутгамал бурхад/ 1990 он
  • “Монголын нууц эрдэнэс” гэрэл зургийн цомог 1996 он
  • “Монголын шашны урлаг” гэрэл зургийн цомог 1998 он зэрэг гэрэл зургийн цомог гаргаж байжээ.

Ташрамд дурдахад ноён Сүгияама Тэрүзо нь 2007 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнагдаж байв.

 
Гэрэл зургийг Сүгияама Тэрүзо /Улаанбаатар-1983 номоос/
 
Гэрэл зургийг Сүгияама Тэрүзо /Улаанбаатар-1983 номоос/
 
Гэрэл зургийг Сүгияама Тэрүзо /Улаанбаатар-1983 номоос/
 
Гэрэл зургийг Сүгияама Тэрүзо /Улаанбаатар-1983 номоос/