Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Хэд байгаагаа мэдэхгүй дундаж давхаргыг 2050 онд хэрхэн 80%-д хүргэх вэ?

Ч.Болортуяа
2020 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Эдийн засгийн судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэнгээс Монгол Улсын дундаж давхарга 58 орчим хувьтай байгааг хэлж байна. Тэгвэл Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ дундаж давхаргыг 16 хувь байгааг 80 хувьд хүргэнэ гэж мэдээлээд байна. 

Тэгвэл тухайн улс үндэстэнд дундаж давхарга яагаад чухал вэ, дундаж давхаргын хөдөлгөөн ямар байгаа талаар мөн ядуу өрхийн тоо буурахгүй байгаа учир шалтгаан юунд байна вэ зэрэг Монгол Улсын хамгийн чухал асуудлыг Даваа гарагийн "Нүүдэл Шийдэл" нэвтрүүлэг хөндлөө.

Видео: Нэвтрүүлэг бүрэн эхээр нь үзэх: 

https://www.facebook.com/mongoltv/videos/503958696992304/

Нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн зочдын ярьсан ярианаас онцлох эшлэлийг түүн хүргэж байна. 

Сайн суурь боловсрол бол дундаж давхаргыг бий болгоход гол нөлөө үзүүлэх хүчин зүйл
 

ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМНЫ ТНБД Г.ӨНӨРБАЯР  

-Өрхийн нийгэм эдийн засгийн судалгааг ХНХЯ, ҮСХ-той хамтарч хоёр жилд нэг гаргадаг. Хоёр жилийн өмнө хийсэн судалгаагаар дундаж давхарга 60 орчим хувьтай байна. 

-Оюун-Эрдэнэ сайдын яриад байгаа дундаж давхаргыг 80 хувьд хүргэнэ гэсэнд зарим хүн шүүмжлэлтэй хандаад байна. Үүнийг яагаад шүүмжлээд байгааг би ойлгохгүй байна. Улс орон бүр өөрийн гэсэн том зорилт тавиад зорилтоо хэрэгжүүлэхийн тулд бүгдээрээ ажиллах ёстой. 80 гэдэг тоо бол тогтвортой хөгжлийн үзэл баримтлал дээр байгаа тоо.

-Дундаж давхаргаа 80 хувьд хүргэхийн тулд ЗГ-ын байгууллагууд, хувийн хэвшлүүд, Монгол улс нийтээрээ хамтраад ямар бодлого дэвшүүлэх юм гэдэг нь чухал. Тоон дээр маргалдах нь чухал биш.

-2014 онд ҮСХ гаргасан судалгаагаар өрхийн дундаж орлого 800 гаруй мянган төгрөг байсан бол өнөөдөр өрхийн орлого 1,264,000 төгрөг болж нэмэгдсэн байна. Өрхийн орлогыг бүтцийн хувьд аваад үзвэл 70 гаруй хувь нь цалин, тэтгэвэр, тэтгэмж байдаг.

-ЗГ сүүлийн 3 жил дараалж цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн. Цалинг 48.9 хувиар, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх асуудлаар  ирэх 7 хоногийн ЗГ-ын хуралдаанаар оруулах гэж байна. 

-Тэтгэврийн зээлтэй иргэдийн 90.8 орчим хувь нь 6 хүртэлх сая төгрөгийн зээлтэй байсан. Зээлтэй иргэдийн 60 гаруй хувь нь хөдөө орон нутгийн иргэд тэр дундаа алслагдсан газрын иргэд байсан. Энэ нь эргээд ядуурлыг бууруулах, баялгийг тэгш шударга хуваарилахад чухал нөлөөтэй гэж үзэж байгаа учир 6 хүртэлх сая төгрөгийн  тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гарсан. 

-Сайн суурь боловсрол бол дундаж давхаргыг бий болгоход гол нөлөө үзүүлэх хүчин зүйл.

- Дундаж давхаргыг тэлэхэд гол нөлөөлөл үзүүлэх зүйл бол бага хүүтэй зээлийг бизнес эрхлэгчдэд олгох.  Ийм эх үүсвэр боломжууд манай улсад байгаа гэж бодож байна. Үүнийг зөв бодлогоор олгож чадвал дундаж давхаргыг тэлэх гарц болго гэж ХНХЯ-ны зүгээс харж байгаа. 

Баялгийг хүмүүн капиталын хөгжил буюу эрүүл мэнд, боловсролын салбарыг хөгжүүлэхэд зарцуулах хэрэгтэй
 

МУИС-ИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛИЙН ПРОФЕССОР Ц.БОЛОРМАА 

-Дундаж давхарга бол нийгмийг хөдөлгөгч үндсэн хүч байдаг.

-Нийгмийн дундаж давхаргыг тэлэхэд улсаас барьж байсан бодлогын баримт бичгүүд хангалттай байсан. Ялангуяа ядуурлыг бууруулахын тулд ажилгүйдлийг бууруулж хөдөлмөр эхлэлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулж дундаж давхаргыг нэмэгдүүлье гэж манай улсын Засгийн газар 30 жил ажилласан. Харамсалтай нь хэрэгжилт нь маш сул байлаа. 

-Эдийн засгийн өсөлтийг бий болгож байгаа гол хүч нь ямар хэсэг байна гэдгийг анхаарах ёстой. Эдийн засгийн өсөлт хүртээмж нийт хүн амын аль бүлэгт илүү хүрсэн бэ гэдэг дээр дүгнэлт хийж үзэхэд бодлогын баримт бичиг шударга, зөв хэрэгжиж чадсан байна уу эсэх дээр бодиттой дүгнэлт гарна.

-Эдийн засгийн хүртээмжтэй өсөлт гэдгийн цаана хөдөлмөр эрхлэлтийн асуудал байгаа гэсэн үг. Хөдөлмөр эрхлэлт нь өөрөө зохистой ажлын байр гэдэг ойлголттой уялдаатай холбоотой. Зохистой ажлын байр гэдэг нь баталгаатай орлоготой, тогтвортой ажлын байрны асуудал юм. 

-Гадуур зарлагдсан ажлын байр олон байна. Харин тухайн ажлын цалин хөлсний үнэлэмж маш бага байна. Харин ажил хайгчид хөдөлмөрийн бүтээмж өндөртэй, цалин сайтай ажил хийж амьжиргаагаа авч явахыг хүсдэг учир зөрөлдөөд байна. 

-Хөдөлмөрийн заах зээлийн тэнцвэртэй байдлыг хангахын тулд боловсролын салбар, хөдөлмөр эрхлэлтийн салбар хоёр хоорондоо хэрхэн уялдаж ажиллавал зохистой вэ тэр аргыг судалж гаргах хэрэгтэй. 

-Эдийн засгийн гол тэргүүлэх салбарт хэрэгтэй ажиллах хүчийг боловсролын салбар бэлтгэх хэрэгтэй. 

-Уул уурхайн салбараас орж ирж байгаа баялгийг хүмүүн капиталын хөгжил буюу эрүүл мэнд, боловсролын салбарыг хөгжүүлэхэд зарцуулах хэрэгтэй. 

Өрхийн санхүүгийн зарлагыг хараад үзвэл санхүүгийн эрсдэлд хүргэж байгаа хамгийн гол зардал бол боловсролын зардал, эрүүл мэндийн зардал байгаад байна. Тухайн гэр бүлээс нэг хүн хүнд өвчин тусахад тэр айл тэр чигээрээ дундаж давхаргаас ядуучуудын эгнээнд шууд шилжинэ. Нэг хүүхэд нь дээд сургуульд ороход цалингийн зээл юм уу тэтгэврийн зээл авах жишээтэй.

- Төрөөс маш зөв бодлогоор ипотекийн хөтөлбөрийг явуулах хэрэгтэй. Ихэнх залуус орон сууцны зээл дээр орлогынхоо дийлэнхийг зориулж байна. Ийм учраас ядуурлаасаа гарч чадахгүй байна.

Улаанбаатар хотод нийт ядуучуудын 41 хувь нь байна
 

ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНЫ ДАРГА А.АРИУНЗАЯА 

-Монгол улсад албан ёсоор дундаж давхаргыг судалж гаргасан судалгаа статистикийн хорооны хувьд байхгүй. Өрхийн нийгэм эдийн засгийн судалгааны үр дүнгээ судлаач, эрдэмтэн багш нарт нээлттэй тавьснаар хүн болгон өөрсдийнхөө шинэ аргачиллыг  туршиж үзэх, арга зүйг боловсруулах ажлыг хийж явсан байгаа. 

-Дэлхийн банкны гаргасан судалгаагаар өдрийн орлого нь 1.9 доллар байвал нэн ядуу, 1.9-.3.2 нь дунд зэргийн ядуу, 3.2-5.5 бол эдийн засгийн эмзэг байдалд байгаа, 5.5-15 долларын орлоготой бол эдийн засгийн баталгаат түвшин,  15 доллараас дээш хэрэглээтэй бол дундаж түвшин гэж үздэг. Энэ судалгааны аргачиллаар манай улсын эдийн засгийн дундаж түвшинг бүрдүүлж байгаа хэсэг нь нийт хүн амын 12 хувийг эзэлж байгаа юм. 

-Өрхийн нийгэм эдийн засгийн судалгаагаар өрхийн мөнгөн орлогыг авч үзвэл 2019 оны гуравдугаар улирлын байдлаар манай улсын 912 мянган өрх байхад түүний 4.6 хувь нь 300 мянган төгрөг хүртэлх орлоготой. 

-Ядуурлын түвшин 28.4 хувь байна гэдэг нь хувь хүн нэг бүрээр тооцож гаргасан үзүүлэлт. Үүнээс харахад нийт хүн амын 905 нь ядуу байна гэсэн үг. 

-Манай улсын хүн амын дийлэх нь ядуурлын шугам болоод түүний ойролцоо л төвлөрсөн байна. Дундаж давхаргыг нэмэгдүүлье гэвэл дэлхийн жишгээр эрүүл мэнд болоод боловсролыг салбар руу түлхүү хөрөнгө оруулах явдал байдаг. 

-Улаанбаатар хотод нийт ядуучуудын 41 хувь нь байна. 

-ОУ-д нийт төгсөгчдийн 60 хувь нь мэргэжлийн боловсрол эзэмшдэг бол манай улс эсрэгээрээ дээд боловсрол эзэмшдэг. Гэвч нийгэмд боловсролтой ажилгүйчүүд их байна. 

Намууд нийгмийн даатгал, боловсрол, эрүүл мэндийн асуудлаар буюу хөгжлийн бодлогоороо ялгарч өрсөлдөх хэрэгтэй
 

ЭДИЙН ЗАСГИЙН СУДАЛГАА ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХИРАЛ, МУИС-ИЙН ДЭД ПРОФЕССОР, ДОКТОР Б.ТҮВШИНТӨГС 

-Манай байгууллагын хийсэн судалгаагаар 2002 онд дундаж давхарга 52 хувийг эзэлж байсан бол 2017 оны байдлаар 58 хувийг эзэлж байна. 

-Манай улсын эдийн засаг уул уурхайгаа давамгайлагдсан эдийн засаг. Бидний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний 1/3 нь уул уурхайтай холбоотой.  Уул уурхай ажил эрхлэлтийг бий болгодоггүй сектор мөн хөрөнгө оруулалт маш их шаарддаг. Уул уурхай нь хөрөнгө оруулалтад суурилсан учир эдийн засгийн өсөлт хүртээмж талаасаа угаасаа далий буюу тэгш бус хуваарилалт явагдана. 

-Дундаж давхаргууд юунд их эмзэг байна гэдийг харах хэрэгтэй. Дундаж давхаргын иргэдийн хамгийн их санаа зовж байгаа зүйл нь хүүхдийн эрүүл мэнд, хүүхдийн боловсрол, ажлын байрны баталгаажилт байдаг. Тэгэхээр урт хугацааны бодлого энэ гурван зүйл дээр төвлөрөх ёстой. 

-Зах зээлийн механизмд нь орлогын тэгш хуваарилалтыг даатгаж орхиж огт болохгүй. 

-Сонгууль болох гэж байгаа энэ үед намууд нийгмийн даатгал, боловсрол, эрүүл мэндийн асуудлаар буюу хөгжлийн бодлогоороо ялгарч өрсөлдмөөр байгаа юм.

 

 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.