Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

Галт уулын идэвхжил Филиппинчүүдийг түгшээж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Ням гарагаас Филиппиний хоёр дахь хамгийн идэвхтэй галт уул Таал оргилж эхэлсэн юм.

Хэрвээ энэ галт уул дэлбэрвэл 1991 онд тохиож байсантай ижил хэмжээний гамшиг болох магадлалтайг эрх баригчид анхааруулж байна. 1991 онд тус улсын Пинатюбо галт уул дэлбэрэхэд 847 хүн амь үрэгдэж байжээ.

“1991 оны гамшгийн үеэр уул бүхэлдээ нурж байсан. Ийм гамшиг битгий болоосой гэж бид залбирч байна. Галт уулын дэлбэрэлтийг урьдчилан таамаглах ямар ч боломжгүй” гэж Филиппиний батлан хамгаалахын сайд Дэлфин Лорензана өнөөдөр мэдэгдсэн байна.

Өнөөдөр Таал уулын тогооноос халуун лаав 500 метрийн өндөрт оргилж, үнс нурам хоёр километрын радиуст цацагдаж байгаа юм. Галт уул идэвхжсэн цагаас хойш нийтдээ 200 гаруй удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэнээс 81 нь энгийн хүмүүст мэдрэгдэхүйц хүчтэй байжээ.

Таал галт уулын идэвхжил хэдэн өдөр үргэлжилдэг бөгөөд ганцхан 1754 онд долоон сарын турш үргэлжилж байсан гэдэг.

Үнс нурам ойр хавийн байшин барилгуудыг нөмөрснөөс дээвэр нь даалгүй нурах аюул нэмэгдэж байна. 

Таал галт уулаас 65 км зайтай оршдог нийслэл Манила хотын амьдрал бараг зогсоод байгаа юм. Манила хотод N95 төрлийн тоосонцроос хамгаалах маскны эрэлт нэмэгдэж, нэг бүрийн үнэ нь 200 песо ($4) хүрсэн байна. Энгийн үед маскны үнэ 30 песо хүрдэг байжээ.

Манила хотын захиргаа маскны эрэлтээс ашиг хонжоо хайхгүй байхыг уриалж, үнэ хөөргөдсөн этгээдүүдийг хатуу шийтгэхээ амласан байна.

Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте маскны үнийг хатуу хязгаарлах бодолтой байгаагаа хэвлэлд ярьжээ. Тэр өнөөдөр гамшгийн бүс нутагт очиж, нөхцөл байдалтай танилцах төлөвлөгөөтэй байна.

Гамшгийн бүсийн хаана хүрэх бодолтой байгааг нь сэтгүүлчид асуухад хэл амтай ерөнхийлөгч “Би үнснээс нь идэж, Таал уулан дээр морь харах төлөвлөгөөтэй байна” гэж хариулжээ.

ING банк Таал галт уулын идэвхжил Филиппиний эдийн засагт түр зуурын уналт үүсгэх магадлалтай байгааг анхааруулсан байна. Гамшгийн бүсэд аж үйлдвэрийн гол төвүүд байрладаг юм. Филиппиний хөдөө аж ахуйн яам ургац болон мал сүргийн хохирлын хэмжээг 75 сая песо ($1.5 сая) болсон гэж тооцоолжээ.

Таал уулын орчмын 27 тосгоноос 36,000 хүнийг нүүлгэн шилжүүлж, нийт 130 хоргодох байрт суурьшуулаад байгааг Филиппиний иргэний хамгааллын алба мэдээлсэн байна.

Галт уулын дэлбэрэлт хэдхэн цагийн дараа, эсвэл хэдэн өдрийн дараа ч болж магадгүйг судлаачид анхааруулжээ.

Эх сурвалж: Bloomberg