Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн эхийн хувийг ҮХЦ-д заллаа

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн эхийн хувийг Үндсэн хуулийн цэцэд залах ёслол өнөөдөр, 2020 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн байрны Ёслол, хүндэтгэлийн танхимд боллоо.

Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Үндсэн хуулийн цэцийн гишүүд болон албаны бусад хүмүүс оролцов.

Ёслолын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үгэндээ “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагалдан Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хууль зэрэг 40 орчим хуульд нэмэлт, өөрчлөлт орно. Эдгээр өөрчлөлт нь Монгол Улсад хууль зүйн хувьсгал хийх эхлэл болж, нийгэмд шударга ёс, хариуцлагын тогтолцоо бэхжих үндэс суурь болох юм.  

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан энэ удаагийн нэмэлт, өөрчлөлт нь өнгөрсөн 28 жилийн ололт амжилтаа дүгнэн, алдаа, сургамжаа цэгнэсэн, Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь зарчимд бүрэн нийцсэн өөрчлөлт болсон гэж үзэж байна“ гэдгийг цохон тэмдэглэв.

Ийнхүү УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэнийхээ дараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн эхийн хувийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбатад гардууллаа.  

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн эхийн хувийг хүндэтгэлтэйгээр тусгай тавцан дээр байршуулан залах ёслол үйлдсэний дараа Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат үг хэллээ.

Тэрбээр “Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлд “Хууль дээдлэх” нь Монгол Улсын Үндсэн хуульд төрийн үйл ажиллагааны нэг үндсэн зарчим болон туссан билээ. Хуульд захирагдсан төрийн оршин тогтнох, нийгмийн амьдралын бүх хүрээнд бүрэн утгаараа хэвшин тогтох үндэс болсон Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино гэсэн заалт шийдвэрлэх үүрэгтэй юм" гэдгийг онцлоод “Энэхүү Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн эхийг Үндсэн хуулийн цэцэд залж байгаа нь өнөө цагийн төрт ёсны уламжлал болж буй” гэлээ.

Анх 2005 оны долдугаар сарын 8-ны өдөр тэр үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Монгол Улсын Үндсэн хуулийн эхээс хуулбарлаж бүтээсэн хувийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн албан хэрэгцээнд зориулж хүлээлгэн өгч байсан билээ.