Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Филиппиний нийслэлийн ойролцоо галт уул идэвхжиж эхэлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Филиппиний нийслэл Манила хотоос урагш 65 км зайнд оршдог Таал галт уул Ням гарагт идэвхжиж эхэлжээ.

Үүний улмаас өнөөдөр 75 удаагийн газар хөдлөлт бүртгэгдэж, уулын тогооноос лаав оргилж эхэлсэн байна. Ням гарагийн оройноос эхлэн галт уулын орчмоос 200,000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Сургууль, засгийн газрын байгууллагууд хаалгаа барьж, хувийн байгууллагуудад үйл ажиллагаагаа зогсоох зөвлөмж хүргэсэн байна.

Таал уулын бэлээс эхлээд нийслэл Манилагийн төв хүртэл газар нутагт галт уулын 5 см хүртэл диаметртэй үнс нурам, тортог унаж эхэлсэн гэнэ. 

Манилагийн олон улсын нисэх буудлын хөөрөх зурвас үнс нурманд дарагдсанаас бүх нислэгээ зогсоожээ. Энд нийтдээ 500 гаруй нислэг цуцлагдсан байна. Таал уул нь Филиппиний хоёр дахь хамгийн идэвхтэй галт уулд тооцогддог бөгөөд 30 орчим тогоотой.

Одоохондоо Таал галт уулын дэлбэрэлт босоо чиглэлтэй байгаа бөгөөд хэвтээ чиглэлд шилжвэл жинхэнэ гамшиг болох төлөвтэй байна.

Филиппин улс бол байгалийн гамшигт хамгийн их өртдөг орнуудын нэг юм. Жил бүр энэ улсыг далайн хар салхи дунджаар 20 удаа түйвээдэг. Филиппин нь мөн “Галт цагираг” гэгддэг Номхон далайг тойрсон галт уул, газар хөдлөлтийн аюултай бүсэд оршдог юм.

2000-аас 2016 оны хооронд болсон байгалийн гамшигт тус улсын 125 сая хүн (давтагдсан тоо) өртөж, 23,000 хүн амиа алдсан тухай Азийн Хөгжлийн Банк мэдээлжээ.

Энэ хугацаанд Филиппин улс нийт $20 тэрбумын нийгэм, эдийн засгийн хохирол амссан нь жилд дунджаар $1.2 тэрбумд хүрсэн үзүүлэлт юм.

 

Эх сурвалж: AFP