Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын Мянганы сорилтын сан: Нээлттэй ажлын байрны зар

ikon.mn
2020 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Монголын Мянганы сорилтын сан нээлттэй ажлын байр зарлаж байна. 

Дуусах цаг, огноо: 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 17.00 цаг
 
1. ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АСУУДАЛ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ 
 
Үндсэн үүрэг
Олон нийттэй харилцах асуудал хариуцсан захирал нь Монголын МСС-ийн үйл ажиллагаа, Компакт гэрээгээр оруулж буй хөрөнгө оруулалтын ач холбогдол болон Компакт гэрээний хэрэгжилтийг сурталчлан таниулах, хэвлэл мэдээллийн болон олон нийтийн байгууллагуудтай хамтран ажиллаж, олон нийтийг мэдлэг, мэдээллээр хангах аливаа арга хэмжээ, үйл ажиллагааг удирдан зохион байгуулна. Мөн түүнчлэн өөрийн чиг үүргийн хүрээнд харилцагч талуудын хамтын ажиллагаа, оролцоог сайжруулах чиглэлээр Байгаль орчин, нийгмийн асуудал хариуцсан захиралтай, ус, усны үнэ цэнийн талаарх олон нийтийн хэвшил хандлагыг өөрчлөх чиглэлээр Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн захиралтай нягт хамтран ажиллана. 
 
Ажил үүрэг
Монголын МСС-ийн хэрэгжүүлж буй төсөл, үйл ажиллагаа болон Компакт гэрээний талаар олон нийтэд сурталчлан таниулж, үнэн зөв мэдээллийг цаг тухайд нь хүргэх стратеги, арга замыг боловсруулан нэвтрүүлж, үр дүнг тогтмол хянахын зэрэгцээ Монголын МСС-ийн олон нийттэй харилцах нийт үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах.
Байгууллагын цахим хуудсыг баяжуулан, хэвийн ажиллагааг хангаж, Монголын МСС-ийн үйл ажиллагаа болон Компакт гэрээгээр санхүүжүүлж буй төсөл, үйл ажиллагаа, түүний дотор худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд тогтмол хүргэх. 
МСК-ын Таних тэмдэг, брэндийн удирдамжийн хэрэгжилтийг хангах.
Холбогдох байгууллага, оролцогч талуудын санал, байр суурь болон олон нийтийн байр суурь, хандлагын талаарх мэдээллийг цуглуулж, Монголын МСС-ийн удирдлагын багт танилцуулан, үйл ажиллагаандаа тусгах арга замыг боловсруулж нэвтрүүлэх.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд, Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагуудтай өргөн хүрээний харилцаа, хамтын ажиллагааны сүлжээ үүсгэж, Компакт гэрээгээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар хэвлэмэл байдлаар болон радио, телевиз, олон нийтийн сүлжээ зэрэг бүхий л хэлбэрээр сурталчлан таниулах боломжийг бий болгох. 
Засгийн газрын төлөөлөгчид, өндөр дээд хэмжээний зочид, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл оролцох аливаа арга хэмжээг санаачлан, зохион байгуулах.
Монголын МСС-ийн хэвлэлийн үндсэн төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон олон нийтийн арга хэмжээ, холбогдох талуудад зориулан зохион байгуулж буй аливаа арга хэмжээнд Монголын МСС-г төлөөлөн оролцох.
Гүйцэтгэх захирлаас өгсөн бусад үүрэг даалгаврыг тухай бүр гүйцэтгэх.
 
Баримтлах шалгуур үзүүлэлтүүд
Боловсрол:
Олон нийтийн харилцаа, сэтгүүл зүй, бизнесийн удирдлага болон ижил төстэй бусад чиглэлээр бакалавр болон түүнэээс дээш зэрэгтэй байх. Магистр буюу түүнээс дээш зэрэгтэй бол давуу талд тооцно.
 
Ажлын туршлага:
Олон нийтийн харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр 8-аас дээш жил, үүнээс доод тал нь 3 жил удирдлагын түвшинд ажилласан байх. 
Мэдээ мэдээлэл боловсруулах, түншлэгч болон оролцогч талуудыг мэдээллээр хангах, олон нийтийн мэдээллийн кампанит ажлыг удирдан зохион байгуулах, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж байсан туршлагатай байх. Олон улсын болон хандивлагч байгууллагуудтай хамтран ажиллаж байсан бол давуу тал болно. 
Төр, хувийн хэвшлийг хамарсан хамтын ажиллагааны өргөн хүрээний сүлжээг бий болгон хөгжүүлэх чадвартай байх.
Өндөр, дээд түвшний арга хэмжээ төлөвлөн зохион байгуулж байсан туршлагатай байх.
 
Хэлний мэдлэг:
Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр (англи хэлний ILR Level 4 буюу түүнээс дээш) чадвартай байх.
 
2. ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ МЭРГЭЖИЛТЭН
 
Үндсэн үүрэг 
Олон нийттэй харилцах мэргэжилтэн нь Олон нийттэй харилцах асуудал хариуцсан захирлын шууд удирдлагад ажиллаж, Монголын МСС-ийн үйл ажиллагаа, Компакт гэрээгээр оруулж буй хөрөнгө оруулалтын ач холбогдол, Компакт гэрээний хэрэгжилтийг сурталчлан таниулах, усны үнэ цэнийг ойлгуулах, усны шинэ соёлыг төлөвшүүлэх, түгээн дэлгэрүүлэхтэй холбоотой үйл ажиллагаа, кампанит ажил, хурал зөвлөгөөн зэргийг төлөвлөн батлуулж, хэрэгжүүлэх ба холбогдох талуудад Компакт гэрээний хэрэгжилтийн ахиц, явцын талаар мэдээлэл хүргүүлэх стратегийг боловсруулан хэрэгжүүлэхэд оролцож ажиллана. 
 
Ажил үүрэг 
  • Монголын МСС-ийн зүгээс зохион байгуулах аливаа арга хэмжээ, олон нийтийн мэдээллийн кампанит ажил, хурал зөвлөгөөн зэрэг үйл ажиллагааг төлөвлөн батлуулж, хэрэгжүүлэх.
  • Хэвлэлийн мэдээ болон хэвлэл мэдээлэл, олон нийтэд зориулсан бусад мэдээ материал боловсруулах. 
  • Монголын МСС-ийн олон нийттэй харилцах стратегид нийцүүлэн блог, тайлан, мэдээллийн товхимол, амжилтын түүх зэрэг мэдээлэл, контентыг Монголын МСС-ийн холбогдох мэргэжилтнүүдийн оролцоотойгоор, Олон нийттэй харилцах асуудал хариуцсан захирлын удирдлага дор боловсруулах.
  • МСК-ын Таних тэмдэг, брэндийн удирдамжийн хэрэгжилтийг хангахад туслалцаа үзүүлэх.
  • Монголын МСС-ийн цахим хуудаст нийтлэх мэдээллийг боловсруулж, олон нийтийн сүлжээ болон мэдээллийн бусад сувгуудыг ашиглан Монголын МСС, Компакт гэрээтэй холбоотой мэдээллийг олон нийтэд хүргэх. 
  • Мониторинг, үнэлгээний төлөвлөгөөний дагуу Компакт гэрээний үр дүнгийн мэдээллийг олон нийт, холбогдох талуудад хүргэхэд оролцох.
Баримтлах шалгуур үзүүлэлт
 
Боловсрол: 
  • Олон нийтийн харилцаа, сэтгүүл зүй, бизнесийн удирдлага болон холбогдох бусад чиглэлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй.
Ажлын туршлага: 
  • Томоохон хэмжээний мэдээллийн кампанит ажил төлөвлөн зохиож байгуулах, гүйцэтгэх чиглэлээр 5-аас дээш жил ажилласан.
  • Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай амжилттай хамтран ажиллаж байсан туршлагатай.
  • Олон улсын хөгжлийн болон хандивлагч байгууллагуудтай хамтран ажиллаж байсан бол давуу тал болно.
3. МОНИТОРИНГ, ҮНЭЛГЭЭНИЙ МЭРГЭЖИЛТЭН
 
Үндсэн үүрэг
Мониторинг, үнэлгээний мэргэжилтэн нь Мониторинг, үнэлгээ, эдийн засгийн шинжилгээ хариуцсан захирлын удирдлагад ажиллаж, Компакт гэрээтэй холбоотой мониторинг, үнэлгээний ажил үүргийг гүйцэтгэх бөгөөд Компакт гэрээгээр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, Монголын МСС-ийн төлөвлөгөөт зорилтуудын биелэлтийн талаар найдвартай, үнэн зөв мэдээллийг цаг тухайд нь боловсруулан гаргах үүрэг хүлээнэ. 
 
Ажил үүрэг
  • Компакт гэрээний Мониторинг, үнэлгээний төлөвлөгөөг боловсруулах, хянах, тухай бүр шинэчлэх.
  • Төслийн менежментийг үр дүнтэйгээр хэрэгжүүлэх, тайлан боловсруулахад шаардлагатай мэдээллээр шуурхай хангах зорилгоор Мониторингийн чиглэлээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд: 
Мониторинг, үнэлгээний тайлангийн Шалгуур үзүүлэлтийн биелэлтийн хүснэгтэд оруулах өгөгдлийг цуглуулан, шинжилж, тэдгээрийн үнэн зөв байдлыг төслийн захирлууд, хэрэгжүүлэгч байгууллагуудтай хамтран шалгах, улирал бүр тайланд оруулсан мэдээлэлтэй холбоотой баримт бичгийн бүрдлийг хангах. 
Шалгуур үзүүлэлтийн биелэлтийн хүснэгт дэх мэдээллийг шинжлэн дүгнэсэн улирлын тайланг бэлдэхэд оролцож, мониторингийн бусад үйл ажиллагааны хүрээнд цуглуулсан мэдээллийг тайланд зохист байдлаар тусгах. 
  • Хариуцлагатай байдлыг хангах, үнэлгээ, эдийн засгийн дүн шинжилгээний бодит, үнэн зөв байдлыг хангах зорилгоор Үнэлгээний чиглэлээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
Нөлөөллийн үнэлгээний бүтэц, агуулга, хэрэгжилтэд шаардлагатай мэдээлэл, баримтаар МСК болон хөндлөнгийн зөвлөхийг хангах. 
Төслийн бүтэц, агуулга, хэрэгжилтийн төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавьж, тэдгээрээс зөрсөн аливаа тохиолдлыг залруулах арга хэмжээг цаг алдалгүй авах. 
Төслийн багуудтай хамтран ажиллаж, мониторинг, үнэлгээ, эдийн засгийн шинжилгээнд ашиглаж буй тоон мэдээлэл, өгөгдлийн үнэн зөв, шинэлэг байдлыг хангах, улмаар тэдгээр мэдээлэл нь төслийн багийн хэрэгцээ шаардлагыг хангаж буй эсэхэд хяналт тавих.
 
Баримтлах шалгуур үзүүлэлтүүд
Боловсрол:
Эдийн засаг, статистик болон ижил төстэй бусад чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
 
Ажлын туршлага:
  • Мониторинг, үнэлгээний чиглэлээр 3-аас дээш жил ажиллаж, мониторинг, үнэлгээ хийж байсан туршлагатай.
  • Тоон мэдээлэл, өгөгдлийг анхдагч (өрхийн, зорилтот бүлгээс г.м) болон хоёрдогч эх үүсвэрээс цуглуулах, чанарыг нь баталгаажуулах ажил хийж байсан туршлагатай.
  • Статистикийн шинжилгээний нэг буюу хэд хэдэн програм хангамж, мэдээллийн санг ашиглаж байсан бодит туршлагатай (STATA, SPSS, SAS, CSPRO, Microsoft Access, Microsoft Excel г.м).
  • Дэд бүтцийн салбар/төсөлд ажиллаж байсан бол давуу тал болно.
 
4. УСНЫ САЛБАРЫН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТӨСЛИЙН МЭРГЭЖИЛТЭН 
 
Үндсэн үүрэг 
Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн мэргэжилтэн нь Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн захирлын шууд удирдлагад ажиллах бөгөөд ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах хүрээнд усны салбарын холбогдох байгууллагуудад чиглэсэн бодлого, зохицуулалт, институцийн шинэчлэлийг дэмжих үйл ажиллагааг үр дүнтэй боловсруулах, нэгтгэх, хэрэгжүүлэхэд өргөн цар хүрээтэй оролцох үүрэг хүлээнэ. 
 
Ажил үүрэг 
  • Ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах хүрээнд усны салбарын холбогдох байгууллагуудад чиглэсэн бодлого, зохицуулалт, институцийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд шаардлагатай салбар хоорондын зохицуулалт, техникийн туслалцаа, чадавх бэхжүүлэх үйл ажиллагааг боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцох.
  • Ус ашиглалтын байгууллагуудын санхүүгийн болон үйл ажиллагааны үзүүлэлтүүд, аж үйлдвэрийн бохирдлыг урьдчилан цэвэрлэх, хяналт тавих, үйлчилгээний стандарт хэм хэмжээ, ус ашиглагчдын мэдээллийг цуглуулах, ашиглах, усны үнэ тарифын хүртээмжтэй байдал зэрэг асуудлаар төслийн багийн бусад гишүүдтэй нягт уялдаатай ажиллаж, тогтвортой байдлын нэн чухал санаачилгуудыг хэрэгжүүлэх, мэдээлэл солилцох боломжоор хангаж ажиллах. 
  • Хувийн хэвшил, нийтийн аж ахуйн байгууллагууд, төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн төлөөлөл зэрэг харилцан адилгүй талуудтай харилцаа тогтоон, хамтарч ажиллахад туслалцаа үзүүлэх замаар төслийн үйл ажиллагааг боловсруулах, хэрэгжилтийг хангах, үйл явцыг хянах, үр дүнд хяналт тавих боломжийг хангах.
  • Төслийн явц, ахиц дэвшлийг хянах, зөвлөх болон гэрээт байгууллагуудаас хүлээлгэн өгсөн ажлын үр дүнг хянах, хүлээн авах, болзошгүй асуудал, эрсдэлүүдийг тогтоож, саармагжуулахад Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн захиралд дэмжлэг үзүүлэх замаар төслийн үр дүнтэй удирдлагыг хангах.
Баримтлах шалгуур үзүүлэлт
Боловсрол: 
Эдийн засаг, санхүү, бизнесийн удирдлага, инженерийн болон холбогдох бусад чиглэлээр бакалаврын буюу түүнээс дээш зэрэг эзэмшсэн байх.
 
Ажлын туршлага: 
Төрийн болон олон улсын байгууллага, ус ашиглалтын буюу нийтийн аж ахуйн байгууллагад усны чиглэлээр бодлого боловсруулах, уялдаа холбоо хангах, хэрэгжилтийг үнэлэх чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх.
 
БҮХ АЖЛЫН БАЙРАНД ХАМААРАХ ҮНДСЭН УР ЧАДВАР:
  • Зохион байгуулалт сайтай, үр дүнг чухалчилсан хандлагатай бөгөөд Компакт гэрээний стратеги, зорилтуудыг ажлын тодорхой төлөвлөгөө болгон буулгах чадвартай.
  • Нэгдмэл зорилгын төлөө багаар хамтран ажиллаж, холбогдох талуудтай итгэлтэй, түншийн харилцаа тогтоох.
  • Болзошгүй сорилтуудыг урьдчилан харж, оновчтой шийдэл санал болгох.
  • Microsoft Office болон ажлын байр тус бүрт хамаарах мэргэжлийн програм хангамжийг сайтар эзэмшсэн.
  • Цаг үеийн асуудлуудыг шуурхай ойлгож, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах.
  • Ачаалал даах, ажлаа үр дүнтэйгээр зохион байгуулж, төлөвлөх.
  • Өөрийн болон бусдын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийж, шийдвэр гаргах.
  • Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай (англи хэлний ILR Level 3 буюу түүнээс дээш чадвартай) байх.
ХОЛБОГДОХ ХАЯГ:
Англи хэл дээрх намтар (Curriculum Vitae), дипломны хуулбар болон холбогдох бусад материалыг hr@mca-mongolia.gov.mn э-шуудангаар ирүүлнэ үү (СОНИРХСОН АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОНО).
 
Зөвхөн эхний шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүстэй 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн дотор холбогдоно.
 
Сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг ажлын цагаар 7711-1710 утсаар авна уу. 
Сонгон шалгаруулалтын аливаа (өргөдөл гаргах, ярилцлагад орох, тайлан боловсруулах, сургалтад хамрагдах зэрэг) шатанд Монголын МСС болон түүний аливаа төлөөлөлд хураамж, төлбөр төлөхгүй болно.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.