Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

Зэргийн боловсрол олгоно хэмээн сургалтын төвүүд иргэдийг төөрөгдүүлж байжээ

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг

-Мэргэжлийн индексийг шинэчилнэ-

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамнаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран 2019 оны аравдугаар сард сургалтын төвүүдэд шалгалт хийжээ.

Энэ үеэр ихээхэн зөрчил илэрсэн талаар салбарын сайд нь мэдээллээ. Тухайлбал, Улсын бүртгэлд сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах төрийн бус байгууллага гэж бүртгүүлэн зөвшөөрөл авсан ч их, дээд сургууль, институт хэмээх хаягтайгаар ажиллаж, зэргийн боловсрол олгоно, ромбо диплом өгнө гэх зэргээр иргэдийг төөрөгдүүлж байсан аж. 

Тиймээс БСШУСЯ-наас институт, их, дээд сургууль гэсэн нэртэй байгууллагуудын бүртгэлийг эргэж харах хүсэлтийг УБЕГ-т гаргасан байна.

Түүнчлэн мэргэжлийн чиглэл, индексийг ойрын хугацаанд шинэчлэхээр болжээ. Энэ тухай БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг "МСҮТ-үүд бага эмч, сувилагч, эм найруулагч, эх баригч, хиймэл шүдний техникч зэрэг нарийн мэргэжлийн боловсролыг олгож байна. Гэвч эдгээр нь МСҮТ-д нэг жилийн дотор сураад эзэмших мэргэжил биш. Тиймээс сургалтын төвүүд болон мэргэжлийн зэрэг олгож буй МСҮТ-тэй холбоотой асуудал дээр тодорхой шийдвэрүүд гарна. Салбарын сайдын эрхлэх асуудлын хүрээнд мэргэжлийн индексийг шинэчилнэ" хэмээв. 

2018-2019 оны хичээлийн жилд улсын хэмжээнд мэргэжлийн боловсрол, сургалтын 86 байгууллага үйл ажиллагаагаа явуулжээ. Үүний 52 нь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв /МСҮТ/ бөгөөд эдгээрт 16,260 суралцагч суралцсан байна.

Холбогдох албаныхан ерөнхий боловсролын сургууль төгсөгчид болон ар гэрийнхэнд нь элсэн суралцах гэж буй их, дээд сургуульдаа болгоомжтой хандахыг зөвлөлөө. Албан ёсны зөвшөөрөлгүй газарт сурснаар диплом нь зөвшөөрөгдөхгүй тул цаг хугацаа, хөрөнгө мөнгөөрөө хохирох эрсдэлтэй юм.