Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ё.Баатарбилэг: Театруудыг нураахгүй, засвар хийнэ, амар тайван бай

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn
00:00 00:00
Ё.Баатарбилэг: Театруудыг нураахгүй, засвар хийнэ, амар тайван бай
Sara, ikon.mn - text to speech

Засгийн газраас соёл урлагийн зарим байгууллагын барилгыг шинэчлэх ажлыг өнгөрсөн оноос эхлүүлсэн.

Эхний удаад Байгалийн түүхийн музейг шинэчлэхээр болж, иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан ч нурааж, Их тэнгэрийн аманд шинээр барихаар болсон юм.

Дараагаар нь Улсын драмын эрдмийн театр, Дуурь, бүжгийн эрдмийн театр болон Төв номын санг шинэчлэхээр тус бүр 50 гаруй тэрбумыг гурван жилийн төсөв хуваан тусгахаар санал боловсруулаад байв.

Харин ойрын өдрүүдэд УДЭТ-ийг нураах нь гэх мэдээлэл тархаад байна. Энэ мэдээлэлд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг албан ёсоор өнөөдөр тайлбар өглөө.

Өмнө нь тэрбээр 2019 оны аравдугаар сарын 8-нд Байгалийн түүхийн музейн барилгын нөхцөл байдалтай танилцах үеэрээ Улсын драмын эрдмийн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр болон Төв номын сангийн барилгын шинэчлэлтийг зогсоож, тэдгээрт төсөвлөсөн мөнгийг салбарт тулгамдаад буй бусад асуудлыг шийдэхэд зарцуулах хүсэлтээ гаргаж буй тухайгаа мэдэгдэж байв. Энэхүү байр сууриндаа хэвээр байгаагаа БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг илэрхийлэн дараах тайлбарыг хийв. 

"2020 оны улсын төсөвт суусан Улсын драмын эрдмийн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр болон Төв номын сангийн шинэчлэлтэд тус бүр 2 тэрбум төгрөг суусан. Энэ мөнгөөр барилгуудыг засах, техник, тоног төхөөрөмжийг сайжруулах, сандлуудыг шинэчлэх зэрэг ажлыг хийнэ. 

Эдгээр барилгыг шинэчлэн барихад олон тэрбум төгрөг шаардлагатай. Тийм мөнгө байхгүй. Тиймээс засвар хийнэ. Тайван амгалан байж болно. Театруудыг нураахгүй.

Сонгууль дөхөж байна. Аливаа юмыг улстөржүүлэх боллоо. Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарыг энэ улстөржилтөөсөө хол байлгахыг улстөрчдөөс, улстөржсөн мэдээлэл гаргаж байгаа хүмүүсээс хүсэж байна. 

Олон жил орхигдсон соёл урлагийн салбарт 2019, 2020 онд их хэмжээний төсөв тавьсан. Үүнийг нь салбарт шингээж, ном журмынх нь дагуу ажиллахыг хүсэж байна. Биднийг ажил хийлгэж өгнө үү" хэмээв.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Лхагва гарагт дээрх барилгуудад ажиллан нөхцөл байдалтай танилцаж, шаардлагатай тоног төхөөрөмж, засварын ажлын талаар мэдээлэл авах аж.