Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Галымбек: Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг айлуудад тарааж эхэллээ

Г.Номин, iKon.mn
2020 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

НОБГ, НМХГ-аас шахмал түлшний хэрэглээний асуудлаар мэдээлэл өгдөг ээлжит хэвлэлийн хурал боллоо.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд 16 өрхийн 32 иргэн угаарын хийнд хордсон гэх дуудлага мэдээлэл өгснөөс нэг хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа, өөр хүндэрсэн тохиолдол байхгүйг Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй хэллээ.

Энэ долоо хоногоос угаарын хий мэдрэгч төхөөрөмж тараах ажил албан ёсоор эхэлж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногийн Бямба гарагт ирсэн 20,000 төхөөрөмжийг төвийн зургаан дүүрэгт тараах хуваарь гарчээ.

Угаарын хий мэдрэгчийг хэрхэн суурилах талаар Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Галымбек "Өчигдөр НЗДТГ-т дүүргүүдийн Засаг дарга нарыг дуудаж, угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг хэрхэн тараах асуудлыг шийдэж, дүүргүүд рүү хүргүүлсэн. Өнөөдрөөс айлуудад тарааж эхэлнэ.

Угаарын хий мэдрэгч төхөөрөмж улаан, шар, ногоон гурван өнгийн гэрэлтэй. Улаан гэрэл асвал угаарын хий мэдрэгдсэн гэсэн үг. Тиймээс улаан гэрэл ассан тохиолдолд тасалгаандаа агаар сэлгэлт хийх ёстой. Ногоон гэрэл 30 секунт тутамд асаж байвал хэвийн ажиллаж байна гэж ойлгоно. Шар гэрэл асвал төхөөрөмжид ямар нэгэн гэмтэл гарсан гэсэн үг.

Олон улсын стандартын дагуу агаар дахь угаарын хийн хэмжээ 30 ppm хэмжээнд хүрээд 120 минут болвол дуут дохио өгөх бөгөөд дээд тал нь 85 децибел хүртэл чанга дуу гаргадаг.

 
Гэрэл зургийг mpa.mn

Төхөөрөмж тараах ажлыг нийслэлийн төр захиргааны албан хаагчид болон 4,200 сайн дурын ажилтнууд хийх бөгөөд өрх бүрт гарын авлага өгнө. Гарын авлага хоёр хувь бөгөөд тус бүрийн ард гарын үсэг, гэрийн хаяг, огноо, регистрийн дугаар гэх мэт мэдээллийг бичиж, нэг хувийг дүүрэг архивлан хадгална" хэмээн ярилаа.

Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн дараагийн 60,000 ширхэг нь Бямба гарагт ирж, төхөөрөмж тараах ажил тасралтгүй үргэлжилнэ гэдгийг албаныхан хэлэв.