Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунг гар утас хэрэглэдэг Өмнөд Солонгосын одууд хакеруудад барьцаалагджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Жүжигчин Жүү Жин Мо гар утасны мэдээллээ хакеруудад алдаад байна

Сүүлийн өдрүүдэд Өмнөд Солонгосын 10 орчим алдартны гар утасны мэдээллийг хакерууд хулгайлж, их хэмжээний мөнгө төлөхгүй бол нийтэд дэлгэнэ хэмээн сүрдүүлэээд байна.

Тэд бүгд Самсунг брэндийн ухаалаг гар утас хэрэглэдэг байжээ.

Хакерууд алдартнуудын Samsung Cloud үйлчилгээнд хадгалсан гэрэл зураг, видео бичлэг, текст мессэж зэрэг агуулгуудыг гартаа оруулсан байна.

Одуудын зарим нь мөнгө төлж, хувийн мэдээллээ барьцаанаас чөлөөлсөн бол кино од Жү Жин Мо зэрэг зарим хохирогч мөнгө төлөхөөс татгалзжээ.

Үүний улмаас Жү Жин Могийн өөр нэг жүжигчинтэй солилцож байсан текст мессэжийг хакерууд ил гаргасан юм.

Тэдний мессэж сэксийн сэдэвтэй байсан нь жүжигчний нэр хүндийг унагаад байна. Өмнөд Солонгосын цагдаа нар хакеруудыг мөрдөж эхэлсэн бөгөөд мэдээллийг ямар аргаар хулгайлсныг судалж эхэлжээ.

Самсунг Электроникс компани одууд хувийн мэдээллээ алдсан явдал тус компанийн бүтээгдэхүүний алдаа доголдолтой холбоогүй, харин хохирогчид хэрэглэгчийн нэр, нууц үгээ бусдад алдсан байх магадлалтай гэж Баасан гарагт гаргасан мэдэгдэлдээ тайлбарлажээ. Тус компани бусад вэб сайтад нэвтрэхдээ Самсунгийн хэрэглэгчийн нэр, нууц үгээ ашиглахгүй байхыг хүмүүст анхааруулсан байна.

 

Эх сурвалж: Korea Times