Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ниссаны экс босс дуулиант орголтынхоо талаар кино хийх тухай Холливүүдын студитэй ярилцжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Японы Ниссан, Мицубиши, Францын Рено автомашин үйлдвэрлэгчдийн бизнесийн бүлэглэлийг амжилттай удирдаж байсан Карлос Гон өнгөрсөн оны сүүлээр Японоос Ливанд оргож ирсэн нь дэлхий даяар дуулиан тариад байгаа.

Тэрээр компанийн өмчийг хувьдаа завшиж, татвараас зугтсан хэргээр 2018 оны арваннэгдүгээр сард Токиод баривчлагдсан юм. Токиод 24 цагийн камерын хяналттай гэрийн хорионд байсан Гон хэрхэн Японоос зугтсан нь нууц хэвээр байгаа.

Тэгвэл Холливүүдийн нэг студи Ниссаны экс боссын амьдралаар кино бүтээх сонирхлоо илэрхийлсэн талаар Карлос Гон өчигдөр CBS News сувагт ярьжээ.

Намтраар нь, дуулиант орголтынх нь талаар кино бүтээх боломжтой эсэхийг хөтлөгч асуухад Гон “Яагаад болохгүй гэж?” хэмээн хариулсан байна. Японоос оргох ажиллагаанд нь Америк хүн оролцсон эсэх, тэр үнэхээр хөгжмийн зэмсгийн хайрцагт нуугдаж хилээр гарсан эсэх зэрэг асуултуудад Карлос Гон хариулахаас татгалзжээ.

Гон өөрийгөө Францын Рено компани Японы автомашин үйлдвэрлэгчдэд нөлөөгөө тогтоохоос болгоомжилсон япон хамтрагчдынхаа хуйвалдааны золиос болсон гэж тайлбарлаж байгаа.

Тэрээр шударга ёсноос зугтаагүй, харин шударга бус явдлаас зугтсан хүн гэж өөрийгөө тодорхойлж байгаа юм.

 

Эх сурвалж: Business Insider