Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ирак дахь Америк цэргийн баазыг пуужингаар харважээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Ням гарагт АНУ-ын цэрэг байрладаг Иракийн цэргийн бааз руу найман ширхэг пуужин харваснаас Иракийн дөрвөн алба хаагч шархджээ.

Ийм төрлийн довтолгоог Ираны талыг баримтлагч Иракийн зэвсэгт бүлэглэлүүд үйлддэг.

Одоогоор халдлагыг ямар байгууллага үйлдсэн нь тодорхойгүй байна. Халдлагад өртсөн Аль-Балад нь Иракийн агаарын хүчний гол бааз юм. Энд АНУ-аас худалдаж авсан F-16 сөнөөгч онгоцнууд байрладаг.

Мөн энэ баазад АНУ-ын агаарын хүчний цөөн хүнтэй бүрэлдэхүүн байрлаж байсан бөгөөд Ирантай харилцаа муудсаны улмаас саяхан ихэнх хэсгийг нь нүүлгэн шилжүүлээд байжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр одоо Аль-Балад баазад АНУ-ын 15 хүрэхгүй тооны цэрэг, нэг нисэх онгоц байрлаж байгаа гэнэ. Ирак дотроос үйлдсэн ийм халдлагууд сүүлийн үед нэмэгдэж байгаа. Ихэнхдээ Иракийн цэргүүд халдлагын золиос болдог бол өнгөрсөн сард АНУ-ын армийн нэг гэрээт ажилтан алагдсан юм.

Генерал Солейманигийн амийг хөнөөсний дараа Иран улс Ирак дахь АНУ-ын цэргийн баазуудад агаарын цохилт өгснийхөө дараа дайсагнасан байр сууринаас ухраад байгаа. Харин Ирак дахь Ираны талыг баримтлагч зэвсэгт бүлэглэлүүд өшөө авалтаа зогсоох шинжгүй байгаа юм.

Тэдний халдлагад цэргийн баазууд төдийгүй АНУ болон бусад улсуудын элчин сайдын яамд байрладаг Багдадын “Ногоон бүс” өртдөг болоод байна.

 

Эх сурвалж: AFP