Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

Тайваний сонгуульд тусгаар тогтнолыг дэмжигчид дахин яллаа

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Тайваньд болж өнгөрсөн сонгуульд тус улсын одоогийн ерөнхийлөгч Цай Ин Вэн ялалт байгуулж, хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацаанд ажиллахаар боллоо.

Цайгийн Бээжингээс салан тусгаарлах үзэлтэй Ардчилсан Дэвшилтэт Нам 8 сая гаруй санал авсан бол түүний гол өрсөлдөгч Куоминтаны Намын Хан Куо Юү 5.5 саяын санал авсан байна.

Куоминтаны Нам нь эх газрын Хятадтай ойртох бодлогыг дэмждэг юм.

Каошунг хотын дарга Хан Куо Юү ялагдсанаа хүлээн зөвшөөрч, Цай Ин Вэнд баяр хүргэжээ.

Өчигдөр бас Ардчилсан Дэвшилтэт Нам тус улсын хууль тогтоох дээд байгууллагад 61 суудал авч, олонх болсон байна. Куоминтаны нам 38 суудалтай болжээ.

Сонгуулийн үр дүнд Цай Ин Вэний засаг захиргааны Бээжинтэй хатуу зарчмаар харилцах бодлого үргэлжлэхээр болж байна.

Цай Ин Вэн 2016 онд ерөнхийлөгч болохдоо 6.9 сая санал авч байжээ.

Тэрээр Бээжингийн нөлөөг хүлээн зөвшөөрөх “Нэг Хятад” бодлогыг эсэргүүцдэг, Тайванийг бие даасан улс байх ёстой гэж үздэг юм.

Ялалт байгуулснаа зарлаж, үг хэлэхдээ Цай “Тайванийг нэгтгэхийн тулд хүч хэрэглэнэ гэж сүрдүүлдгээ Хятад улс зогсоох ёстой. Ингэвэл Тайваний хоолойн хоёр талд энх тайван байдал тогтоно” гэж мэдэгджээ.

Тайвань арал нь эх газрын Хятадын хувьд “асуудал” биш, харин “түнш” байх ёстойг тэр хэлсэн байна.

Нөгөө талаар өчигдрийн сонгуулийн үр дүн Тайваньчууд эх газрын Хятадтай ойртох бодолгүй байгааг харуулж байгаа юм. Тиймээс Бээжингийн талыг баримтлагч Куоминтаны нам үзэл баримтлалдаа томоохон шинэчлэлт хийх ёстой болж байгааг судлаачид анхааруулжээ.

Сонгуулийн дүн гарсны дараа тус намын удирдлагууд огцрох шийдвэр гаргасан байна.

Цай Ин Вэн 2016 онд ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа Тайпэй-Бээжингийн хооронд байгуулсан 1992 оны зөвшилцөл хүчингүй болж, харилцаа муудсан юм. 1992 оны зөвшилцлөөр талууд дэлхийд нэг Хятад улс байх ёстой гэсэн зарчим дээр санал нийлж байжээ.

Өчигдөр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео сонгуульд ялалт байгуулсан Цай Ин Вэнд баяр хүргэсэн байна.

“Тайвань улс хүчирхэг ардчилсан системтэйгээ дахин харууллаа. АНУ-тай бат бэх түншлэлийг хөгжүүлж байгаа ерөнхийлөгч Цайд талархаж байна” гэж Помпео твиттер хуудсандаа бичжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post