Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Боингийн ажилтнууд 737 MAX нисэх онгоцыг “алиалагчид бүтээж, сармагчингууд шалгасан” гэж ярилцдаг байжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Пүрэв гарагт АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч Боинг компани 737 MAX загварын талаар ажилтнуудынх нь хоорондоо солилцож байсан олон зуун бичиг баримт, мессэж, имэйлүүдийг нийтэд ил болгосон юм.

Энэ нь таван сарын дотор хоёр удаа осолдож, нийт 346 хүний аминд хүрсэн 737 MAX загварын нисэх онгоцны аюулгүй байдлыг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд илэрсэн баримтууд юм байна.

Сонирхолтой нь Боингийн ажилтнууд өөрийн бүтээгдэхүүний талаар доромжилсон утгатай яриа өрнүүлж, АНУ-ын холбооны нислэгийг зохицуулах байгууллагын (FAA-Federal Aviation Administration) талаар таагүй үгсийг хэлэлцэж байсан нь баримтаас ил болжээ.

Тухайлбал 2018 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр буюу эхний осол гарахаас найман сарын өмнө Боингийн нэг ажилтан нөгөөгөөсөө “737 MAX онгоцоор гэр бүлийнхнийгээ нисгэх үү? Би лав чадахгүй” гэж асуухад “Үгүй” гэсэн хариулт өгч байсан нь хоорондоо бичилцэж байсан чат мессэжээс ил болсон байна.

Ажилтнуудын зарим нь дээрх загварын нисэх онгоцыг “алиалагчид зохион бүтээж, сармагчингууд шалгаж авсан” хэмээн элэглэж байжээ.

Үүнээс гадна Боинг компани 737 MAX загварын өндөр өртөгтэй симуляторын сургалтыг зардал хэмнэх үүднээс зогсоож, зөвхөн компьютер дээр суурилсан сургалтыг нисгэгчдэд өгөх шийдвэр гаргаж байсан гэнэ.

Гэвч хоёр удаагийн ослын дараа буцаад симуляторын сургалтыг нэвтрүүлсэн байна.

Энэ бүхнээс харвал зардал хэмнэх зорилгоор Боинг компани зарим аюулгүй ажиллагааны дүрмийг зөрчдөг, FAA зэрэг зохицуулах байгууллагын стандарт шаардлагыг үл ойшоодог байжээ.

FAA байгууллага Боингийн дэлгэгдсэн баримтууд 737 MAX загварын аюулгүй байдлын талаар шинэ асуудал нэмж үүсгэхгүй ч тус компанийн ажилтнуудын ярианы өнгө, уур амьсгал таагүй сэтгэгдэл төрүүлж байгааг 

өчигдөр мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: Reuters