Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Генерал Солейманитай зэрэг Ираны хоёр дахь офицерыг устгах гэж байсан ч бүтэлгүйтжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Абдул Реза Шахлай, Кассем Солеймани нар

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын арми Йемен улсад тусгай ажиллагаа явуулж, Ираны өндөр албан тушаалын офицерын амийг хөнөөх гэж байсан ч бүтэлгүйтсэн тухай Пентагоны хоёр эх сурвалж мэдээлжээ.

Уг ажиллагааг Иракийн нийслэл Багдад хотод генерал Кассем Солейманигийн амийг хөнөөсөн ажиллагаатай нэг өдөр явуулахаар төлөвлөж байсан гэнэ.

Нэрээ нууцалсан эх сурвалжийн өгсөн энэ мэдээллийг Пентагон албан ёсоор батлахаас татгалзсан байна. Ираны Хувьсгалт Гвардын Кудс элит хүчний өндөр албан тушаалтан Абдул Реза Шахлай хоёр дахь бай болж байжээ.

Йемен улсаас Ойрх Дорнодын бүс нутагт Ираны бодлогыг хэрэгжүүлдэг  түүнийг АНУ болон холбоотнуудын эсрэг олон халдлагыг зохион байгуулсан гэж Трампын засаг захиргаа буруутгадаг юм.

Тиймээс Шахлайг устгахад шаардлагатай мэдээлэл өгсөн хүнд $15 саяын шагнал амлаад байжээ.

Тухайлбал 2011 онд АНУ-д суух Саудын Арабын элчин сайдын амийг хөнөөх ажиллагааг Шахлай удирдсан гэж үздэг юм байна.

Солеймани болон Шахлай нарын удирддаг Кудс элит хүч Сири, Ливан, Ирак, Йемен улсуудад Ираны нөлөөг хадгалахын төлөө ажилладаг. Энэ нь АНУ болон түүний бүс нутгийн холбоотон Саудын Араб, Израйль улсуудад аюул учруулдаг юм.

Өнгөрсөн Пүрэв гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэхдээ Солейманийг АНУ-ын гадаад орнууд дахь дөрвөн элчин сайдын яаманд халдлага үйлдэхээр бэлдэж байсан гэж ярьжээ.

Солейманигийн амийг хөнөөсний дараа АНУ, Ираны хооронд дайн дэгдэх эрсдэл үүссэн тул Пүрэв гарагт конгресс дэх Ардчилсан Намынхан ерөнхийлөгчийнхөө дайн зарлах эрх мэдлийг хязгаарлах хуулийн төслийг яаравчлан хэлэлцэж, дэмжсэн байна.

Үүний үр дүнд АНУ-ын зэвсэгт хүчнийг Ираны эсрэг ашиглахдаа Трамп заавал конгрессоос зөвшөөрөл авах ёстой болох юм.

Одоо уг хуулийн төслийг Трампын Бүгд Найрамдахчууд олонх болдог Сенатын танхим хэлэлцэх ёстой.

Лхагва гарагт генералын өшөөг авах зорилгоор Ираны зүгээс Ирак дахь АНУ-ын цэргийн хоёр бааз руу пуужин харвасан билээ.  

Уг халдлагын хариу болгож Цагаан ордон өчигдөр Ираны эсрэг эдийн засгийн шинэ хориг арга хэмжээг зарласан юм. Хэрвээ Тегеран энэ мэт террорист ажиллагаагаа үргэлжлүүлсээр байвал Ираны эдийн засгийг улам “чангалахаа” АНУ-ын засаг захиргаа мэдэгджээ.

Энэ удаагийн хориг Ираны аж үйлдвэр, уул уурхай, нэхмэлийн салбарыг чиглэснээс гадна Лхагва гарагийн пуужингийн халдлагад оролцсон албан тушаалтнуудыг хар жагсаалтад оруулсан байна.

 

Эх сурвалж: Reuters