Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

720 килограмм төмөрт даруулж, хүнд бэртсэн Д.Должинсүрэн Монголын ард түмнээсээ хандив хүслээ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Дорноговь Өргөн суманд Төмөр замын хашлагад /720 кг/ даруулж хүнд гэмтсэн, өрх толгойлсон эмэгтэй Д.Должинсүрэн төрсөн ахынхаа хамтаар мэдээлэл хийлээ. 

Д.Должинсүрэн нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын уугуул одоо 40 настай. 2008 оны арваннэгдүгээр сард тэрбээр Дорноговь аймгийн Өргөн сумын сургуульд багшилж байх үедээ сургуулийнхаа халаалтын нүүрсийг зөөж байхдаа төмөр замын хашлага болгон тавьсан зам төмөрт (720 кг) даруулж хүнд гэмтжээ. 
Одоо тэрбээр Эрдэнэт хотод гурван хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг байна.

Д.Должинсүрэнгийн ах “Зам төмөрт дарагдах үеэр дүүгийн маань нүд нь бүлтэрч, нүүрний яс бяцарч, нурууны сэртэн яс хугарч, үений дискнүүд бүлтэрч, мэдрэл дарагдсан байдалтай ГССҮТөвд хүргэгдсэн. Тэгээд баруун нүдээ авахуулж, тархи, эрүү нүүрний мэс засалд орж гурван сар хэвтэн эмчлүүлж амьд гарсан.

Биеийн байдал нь жилээс жилд муудаж, ухаан алдаж унаад, таталт өгдөг болоод зогсохгүй одоо суумгай болчихлоо. Бид бүхэн өөрсдийн хүчээр болохоосоо болохгүй хүртлээ явж ирлээ. Одоо үнэхээр Монгол ахан дүүсийн маань туслалцаа хэрэгтэй байна. Дүүг маань гурван хүүхэдтэйгээ элэг бүтэн амьдрахад нь туслаач гэж гуйж байна.

Солонгос улсаас Монголд зохион байгуулагдсан Эмнэлгүүдийн үзэсгэлэн яармагт оролцсон МЁНЖИ эмнэлэгт шинжилгээ өгөхөд 150 сая вон буюу 330 сая төгрөгөөр 80 хувийн эдгэрэлт амласан билээ. Цаашид судалсаар ИЛСАН-ы улсын эмнэлэгт үзүүлж, 100 сая воноор 2020 оны нэгдүгээр сарын 26-ны дотор эмчлүүлэх урилга ирсэн байгаа.

Би уг нь БСШУСЯ, ЭМЯ болон Архангай аймгаас гарсан гишүүд руу тусламж хүссэн бичиг хүргүүлсэн боловч одоо болтол нэг ч хүн, нэг ч газраас хариу ирээгүй.

Анх осол болсон үед сургуулийнх нь захирал буруудаж ажлаасаа халагдаж байсан. Өөр бусдаар нөхөн төлбөр зэрэг зүйл авч чадаагүй. Гэхдээ тухайн үед тусалж байсан хүмүүс болон мэргэжил нэгт багш нарт нь талархсанаа хэлье” гэлээ.

Д.Должинсүрэн “Би өвдөж байсан ч гурван хүүхдийнхээ төлөө амьдарч, босох хэрэгтэй гэж бодсон. Би амьдармаар байна. Хөл дээрээ л зогсмоор байна. Гурван хүүхдээ хүмүүжүүлээд сайхан хүн болгоод, хөдөлмөр эрхэлж, дуртай ажлаараа ажиллаж үзмээр байна. Би чинь хүн шүү дээ. Хүмүүсийн хажуугаар би нүүр бардам алхмаар байгаа. Хүмүүс намайг хараад чөтгөр харсан юм шиг л байдаг. Монголын сэтгэл нэгт ахан дүүсээсээ чин  сэтгэлээсээ гуйж байна. Надад туслаач” гэв.

Д.Должинсүрэнд туслах хандивын данс

ХААН Банк 5152096292    Ах Д.Хатанбаатар

Утас: 95096667