Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Фэйсбүүкийн Марк Зукербэрг шинэ оны эхэнд хувийн зорилт тавьдаг уламжлалаа зогсоожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Фэйсбүүк компанийн гүйцэтгэх захирал Марк Зукербэрг шинэ оны эхэнд хувьдаа ямар нэг зорилго тавьдаг уламжлалыг олон жилийн турш мөрдөж ирсэн юм.

Өнгөрсөн арван жилийн хугацаанд тэрээр хувийн туслагч робот бүтээх, мандарин хэл сурах, зөвхөн өөрийн гараар нядалсан малын мах идэх зэрэг сонирхолтой зорилтуудыг оны эхэнд тавьж байжээ.

Харин өчигдөр Зукербэрг энэ уламжлалаа зогсоож байгаагаа зарласан байна.

“Жил бүр нэг шинэ зорилт тавьдаг байснаа больж, ирэх арван жилд илүү алсын зорилгод төвлөрч ажиллах төлөвлөгөөтэй байна. Тухайлбал 2030 онд дэлхий ертөнц, миний гэр бүл ямар байдалтай байхыг зорилгоо болгоно” гэж тэр фэйсбүүк хуудсандаа бичжээ.

Тэрээр цааш нь тайлбарлахдаа “Бүх зүйл сайн байвал 2030 онд миний охин Макс сургуульд орж, хүмүүсийг хаана байгаагаас нь үл хамааран бодитой мэт уулзуулдаг технологийг бид бий болгоно. Эрдэмтэд олон төрлийн өвчнийг эмчилдэг болсны үр дүнд хүний дундаж наслалт 2.5 жилээр уртасна” гэж бичсэн байна.

Өмнөх арван жилийн турш тавьж ирсэн жил бүрийн зорилтууд амьдралд нь чухал үүрэг гүйцэтгэснийг Марк Зукербэрг дурдаад шинэ арванд өөр аргаар ажиллаж, амьдрах хэрэгтэй болж байгааг бичжээ.

Компани нь ердийн сошиал платформ бүтээгч байснаа өнөөдөр илүү их нийгмийн хариуцлагатай ажиллах шаардлагатай болсон бол хувь хүнийхээ хувьд Зукербэрг эцэг болж, гэр бүлдээ цаг зарцуулдаг болсныг энд дурдсан байна.

Тэр бас арван жилийн дараа нийгэм, технологи хэрхэн өөрчлөгдсөн байх талаар өөрийн төсөөллүүдийг бичжээ.

 

Эх сурвалж: Business Insider