Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол эмэгтэйчүүд төр түшилцэхэд юу саад болдог вэ?

Р.Оюунцэцэг, IKON.MN
2020 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Монгол Улс жендерийн тэгш байдлын индексээр 2019 оны эцсийн байдлаар 153 орноос 79-т эрэмбэлэгджээ. Хэдийгээр өнгөрсөн онд дэлхийн дунджаас бага зэрэг дээгүүр байгаа ч 2018 онтой харьцуулахад 21 байр ухарсан үзүүлэлттэйгээр 2019 оноо үдэв. 

Энэхүү үзүүлэлтийг хэмжихдээ эдийн засгийн оролцоо, боловсрол, эрүүл мэнд, улс төрийн эрх мэдэл, оролцоо гэсэн 4 зүйлийг голчилдог. Тэгвэл Монголын хувьд

  • Эдийн засгийн оролцоогоор 29 дүгээрт
  • Боловсролын түвшнээр 71 дүгээрт
  • Эрүүл мэндийн байдлаар 1 дүгээрт
  • Харин улс төрийн эрх мэдэл, оролцооны байдлаар 120 дугаарт тус тус эрэмбэлэгджээ.  

Монгол Улс 2006 онд гарсан тус тайланд 42-рт бичигдэж байсан бол 2018 онд 58, 2019 онд 79-рт орж хойшилсонд боловсролын хэмжүүр 50, улс төрийн эрх мэдэл, оролцооны түвшин 8 байраар хойшилсон нь голлон нөлөөлсөн байна. 

Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдийн боловсролын түвшин нэмэгдсэн ч шийдвэр гаргах түвшинд хангалттай биш хэвээр байгааг Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн арванхоёрдугаар сард гаргасан Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо нэртэй судалгааны тайлан дахь тоонууд харуулах аж. 

Ийнхүү ухарсаар байгаа нь Парисын гэрээг хэрэгжүүлэхээр амалсан Монгол Улсын хувьд 2030 он гэхэд хөгжлийн зорилтдоо хүрэх боломжийг хойш татаж буй хэрэг билээ. Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг 2030 он гэхэд улс орнууд чадах чинээгээрээ хэрэгжүүлэх амлалтыг дөрвөн жилийн өмнө өгсөн орнуудын нэг нь Монгол. Харин эмэгтэйчүүдийн хүчгүйгээр Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхэд эрчүүд дангаараа 75 жил зарцуулна гэсэн сонирхолтой тоо байдаг бол дэлхий даяар хүйсийн тэгш байдлыг хангахад 68 жил шаардлагатай гэсэн судалгааг НҮБ 2019 онд гаргасан. 2010 оноос хойш эмэгтэйчүүдийн оролцоо 5% нэмэгдсэн ч шийдвэрлэх түвшинд 27 хувьтай байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм. Товчхондоо тогтвортой хөгжихийн тулд жендерийн тэгш байдлыг хангах нь манай улсын хувьд хамгийн эхний ажлуудын нэг билээ. 

Тэгвэл бодит байдал ямар байгааг харъя.

График 1. УИХ-д нэр дэвшсэн байдал, сонгуулийн жилээр

График 2. УИХ-д сонгогдсон байдал, сонгуулийн жилээр


Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай Монгол Улсын хуулийн 

  • 10.1.1-д томилогдох төрийн улс төрийн албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл Засгийн газар, аймаг, нийслэлд 15%-иас, дүүрэгт 20%-иас, суманд 25%-иас, хороонд 30%-иас доошгүй байх 
  • 10.1.2-т төрийн захиргааны удирдах албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл яамдын ТНБД, Засгийн газрын агентлагийн даргын 15%-иас, бусад төв байгууллагын удирдлагын 20%-иас, яамдын газар, хэлтсийн даргын 30%- иас, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, хэлтэс, албадын даргын 40%-иас доошгүй байх
  • 10.1.4-т төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл илт давамгайлсан тохиолдолд 40:60 гэсэн харьцааг хангах хэмээн заасан байдаг.

Монгол Улсын хэмжээнд 2018 онд 1.2 сая хүн хөдөлмөр эрхэлж буйн 46.6% нь эмэгтэй байгаагаас 193.6 мянга буюу 15.4 хувь нь төрийн албан хаагч байна.

 
 

УИХ саяхан Сонгуулийн тухай хуулийг баталсан боловч эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр ямар нэгэн ахиц гаргаагүй билээ. Эмэгтэй гишүүдээс энэ удаагийн Сонгуулийн хуульд эмэгтэйчүүдийн оролцооны доод түвшнийг 30%-д хүргэх санал гаргасан ч дэмжигдэлгүй 20% чигээрээ үлдсэн юм.

Дэмжихгүй байгаагаа эрэгтэй гишүүд "20% бол доод хязгаар. Түүнээс дээш хэдэн хувьд нь ч эмэгтэйчүүд дэвшиж, сонгогдох боломж нээлттэй" хэмээн тайлбарлаж байсан ч үнэн хэрэгтээ нэр дэвших эрхийг мөнгөөр олж авдаг тул эмэгтэйчүүд олноороо сонгуульд оролцоход санхүү хамгийн том бэрхшээл болдгийг УИХ-ын М.Оюунчимэгээс эхлээд учирлах гишүүн цөөнгүй байв. АН-ын тухайд энэ жилийн сонгуульд нэр дэвшигчдийн хандивын босгыг эрэгтэйчүүдэд 100 сая, эмэгтэйчүүдэд 60 сая төгрөгөөр тогтоосноо ил зарлаад буй. Гэвч энэ мөнгийг өгөөд л болчихно гэсэн үг биш. Сонгогчдод ил харагдахгүй зардал маш их байх нь тодорхой. Тиймээс Монгол Улсын хувьд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн орлого, санхүүгийн чадамж тэгш бус байгаа нь шийдвэр гаргах түвшинд хүйсийн тэгш байдал хангагдах буюу эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэхэд тээг болж байна.

Нөгөө талаар, эмэгтэй гишүүд гарлаа гээд юу хийж байна вэ гэдэг шүүмжлэл нийгмийн зүгээс гардаг. Ялангуяа, 2016 онд сонгогдож гарч ирсэн эмэгтэй гишүүд 2012 оны Парламент дахь эмэгтэй гишүүдийн хэмжээнд санаачилгатай ажиллаж чадахгүй байгааг шүүмжилсээр байгаа

Өнгөрсөн түүхээ эргэн харвал, УИХ-д нэр дэвшигчдэд эмэгтэйчүүдийн эзлэх хувь сонгууль явагдсан онуудаар нэмэгдсэн хандлагыг дагаж сонгогдсон эмэгтэйчүүдийн нийт гишүүдэд эзлэх хувь мөн адил нэмэгдсэн хандлагатай байжээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүдэд эмэгтэйчүүдийн эзлэх хувь 1992 онд 5.3 хувь буюу дөрвөн эмэгтэй байсан бол 2016 онд 13 эмэгтэй болж 17.1 хувьд хүрсэн байдаг. Хэдийгээр ийнхүү сонгуульд нэр дэвшиж, сонгогдсон эмэгтэй гишүүдийн тоо аажмаар өссөн ч УИХ-ын даргад эмэгтэй хүн ажилласан түүх өнөөдрийг хүртэл алга.
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 7 удаагийн сонгуульд 16 хүн нэр дэвшсэнээс ганц 2013 онд Н.Удвал эмэгтэйчүүдээ төлөөлөн дэвшиж байв. Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо сайдын түвшинд 12.5%, дэд сайдын түвшинд 38% байгаа бол аймаг, нийслэлийн Засаг даргын түвшинд 0 зааж байна.

График 3. Төрийн албан хаагчид, байгууллагын ангиллаар, дүнд эзлэх хувь, 2018 он

Тэгвэл төрийн захиргааны удирдах албан тушаалтнуудын түвшинд ямар байгааг харъя. Яамдын төрийн нарийн бичгийн түвшинд 7.7%

  • Агентлагийн даргын түвшинд 3.3%
  • Аймаг, нийслэлийн ЗДТГ-ын даргын түвшинд 18.2% байгаа бол 
  • Аймаг, нийслэлийн ИТХ-ын даргын түвшинд 0% байгааг тус судалгаанаас харж болно.

Цаашлаад нийслэл, дүүрэг, аймаг, сумын ИТХ-ын даргад эмэгтэйчүүдийн эзлэх хувь дүүрэгт 33.3%

  • суманд 14.2% байгаа бол 
  • нийслэл болон аймгийн түвшинд мөн л 0% байна.

Аймгийн түвшинд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүдэд эмэгтэйчүүдийн эзлэх хувь ямар байгааг дараах зураг харуулна. 

График 4. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд, хүйсээр, 2018 он

Монгол Улсын төрийн албанд хамгийн өндөр албан тушаал хашиж буй сүүлийн жишээ гэвэл хоёр эмэгтэй л байна. Тэд бол УИХ-ын Тамгын газрын дарга Л.Өлзийсайхан, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан. Б.Баярсайханы хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр ажлаа өгчихөөд байгаа билээ. 

Хүн амын 1963 оны тооллогын дүнгээр дээд боловсролтой хүн амд эмэгтэйчүүдийн эзлэх хувь 22.6 хувь байсан бол 2010 оны тооллогын дүнгээр 58.6 хувь болж, 2.6 дахин нэмэгдсэн маш сайн үзүүлэлт байна. Тэгвэл 2011-2018 оны дунджаар дээд боловсрол эзэмшигчдэд эзлэх эмэгтэйчүүдийн хувь 58.3 болжээ. 

Хэдийгээр 2004 оноос УИХ-д нэр дэвших эмэгтэйчүүдийн тоо тасралтгүй өсөж, нийт нэр дэвшигчдийн 32 хувьд хүрч, сонгогдсон эмэгтэй гишүүдийн тоо мөн адил нэмэгдсэн боловч улс төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог 30 хувьд хүргэх хөгжлийн зорилтод хүрэх яагаа ч үгүй байгаагийн илрэл.

Түүнчлэн дээд боловсролтой эмэгтэйчүүдийн хувь өссөн хэдий ч шийдвэр гаргах түвшинд, ялангуяа хууль тогтоох дээд байгууллага болон аймаг, нийслэлийн ИТХ-ын хувьд Жендэрийн эрх тэгш байдлын хуульд заасан квотуудын түвшинд хүрээгүй хэвээр байгааг Үндэсний статистикийн хорооны судалгаа харуулж байна. Гэвч үнэн хэрэгтээ төрийн албаны гүйцэтгэх албан тушаалд эмэгтэйчүүд зонхилж, өндөр албан тушаалтай эрэгтэйчүүдийн ард тэд гол ажлыг хийж байдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг билээ.

Энд зөвхөн эмэгтэйчүүдийг онцолж байгаа хэрэг биш. Аль ч түвшинд хүйсийн тэгш оролцоо хангагдаж байж хөгжил урт хугацаандаа тогтвортой байж, нийгмийн тулгамдсан асуудлаа тэнцвэртэй шийдээд зогсохгүй эдийн засагт маш том нөлөө үзүүлдгийг олон улсын судлаачид онцолдог. Тухайлбал, ОУВС -гийн захирал Кристин Лагард “Хэрэв Энэтхэг улс эмэгтэйчүүдийнхээ ажил эрхлэлтийн түвшинг эрчүүдийн хэмжээнд хүргэвэл ДНБ-ээ 27 хувиар нэмэгдүүлэх боломжтой бол Пакистан, Саудын Араб зэрэг улс эдийн засгаа 35%-аар тэлэх боломжтой” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл Япон, АНУ л гэхэд ажиллах хүчний бодлогодоо жендерийн тэгш байдлыг тусгаснаараа ДНБ-ээ 5-9 хувиар өсгөж чадсан жишээ байгааг тэрбээр онцолсон байдаг.