Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

"МАН ах дүү, найз нөхдийн хүрээллээр албан тушаалд томилдог байдлаас татгалзаж байгаагаа албан ёсоор хэлж байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Зургийг www.mpa.mn

МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцэж буй асуудлын талаар тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.

Тэрбээр "МАН 2020 оны парламентын сонгуульд нэр дэвших хүмүүсээс ямар нэг байдлаар мөнгө авахгүй. Өмнө нь улс төрийн намууд тодорхой хэмжээнд мөнгөний босго тавьж, түүнийг нь хандивласан хүн нэр дэвших эрхээ олж авдаг байсан.

Харин МАН энэ удаа тийм байдлаар ажиллахгүй гэдгээ зарлалаа.

Өөрөөр хэлбэл, сонгуулийн тойрогт нэр дэвшихийг хүссэн хүмүүс МАН-аас явуулах зохион байгуулалтын буюу суурь судалгааны ажлыг дэмжиж, өөрт оногдох зардлыг л гаргаж оролцоно гэсэн үг.

Сонгуульд нэр дэвших хүмүүсээс хөрөнгө авахгүй болсноор улс төрийн намын санхүүжилтийг илүү ил тод байх зарчим руу орж байна.

Түүнчлэн, бүлгийн хуралдааны үеэр намын даргын ярьсан зарчмын асуудал нь, нэр дэвших гэж буй эрхмүүд ямар нэг байдлаар хууль зөрчсөн хандив дэмжлэгийг иргэд болон ААН-үүдээс авч болохгүй бөгөөд авсан этгээдийг 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгийг хэлсэн.

Нам сонгуульд ялсан тохиолдолд хандив өгсөн хэмжээгээр нь албанд томилох асуудлыг таслан зогсоох ёстой. Монгол ардын нам ах дүү, найз нөхдийн хүрээллээр албан тушаалд томилдог байдлаас татгалзаж, илүү хариуцлагатай, ёс зүйтэй ажиллаж чадах хүмүүсээ төрд төлөөлөл болгон ажиллуулах чиглэлийг барихаа албан ёсоор хэлж байна.

Ингэснээр 2020 оны сонгуулийн дараа шинээр байгуулагдах Парламент, Засгийн газар, төрийн албанд өмнө нь гарч байсан алдаа дутагдал давтагдахгүй байх боломж бүрдэж байгаа хэрэг.

Бид өнөөдөр тойргуудад нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн хүмүүсийг суурь судалгааг хийж эхлүүлсэн.

Энэ судалгаагаар иргэд хэнийг нь илүү дэмжиж байгаа эсэх, одоогийн гишүүдээ ажиллуулах хүсэл сонирхол байгаа эсэх болон шинээр дэвших хүмүүстээ ямар шаардлага тавьж буй гэдэг дээр илүү төвлөрч ажиллана.

Мөн намын санхүүжилтийн асуудал дээр бид ил тод байдлыг чухалчлах бөгөөд хуульд заагдсан хэм хэмжээний хүрээнд хандиваа төвлөрүүлж, төвлөрсөн хандивын хэмжээгээр сонгуулийн кампинат ажлыг зохион байгуулна.

Судалгааны дүн гуравдугаар сарын сүүлээр гарах бөгөөд хэн нэр дэвших эсэх асуудал урьдчилсан байдлаар яригдаж эхэлнэ гэсэн үг" гэлээ.

Түүнчлэн "Энэ удаагийн сонгуулийг томсгосон тойрог болгон өөрчилсөн шалтгаан нь мөнгөний сонгуулиас ангид байхыг зорьсон.

Түүнчлэн энэ нь сонгуулийг аймаг орон нутгийн намын байгууллагын түвшинд нэгдсэн байдлаар зохион байгуулах боломжийг нээж өгсөн. Өөрөөр хэлбэл, нэг аймаг дээр нэр дэвших гурван хүн мөнгөө нийлүүлээд аймгийн намын штабын удирдлагад ажиллах боломжийг нээж өгч байгаа юм. Ингэснээр төсөв гурав дахин хэмнэгдэнэ.

Сонгуулийн хуульд газар нутгийн байршил, хүн амын нягтаршил, засаг захиргааны нэгжийн хуваарилалт гэсэн хэд хэдэн зүйлийг үндэслэж мандатын хуваарилалтыг хийнэ заасан. Үүнтэй холбоотойгоор Говь-Алтай, Дундговь, Булган, Сүхбаатар аймгийг хоёр мандаттай байлгах нь зөв гэж үзэж байна" гэдгийг нэмж хэлэв.